Монголчууд өнө эртний төрт улсын түүхтэй, соёлын дурсгалын арвин өвтэй ард түмэн. Хэдийгээр, манай улсад нийтэд ил тавиагүй 100 мянга гаруй хосгүй түүхийн дурсгал байдаг ч тэдгээрийг хадгалах стандартын орчин байдаггүй нь харамсалтай. Харин 2019 онд Засгийн газраас нэгэн онцгой шийдвэр гаргасан нь олон улсын стандартад нийцсэн, хадгалах орчныг бүрэн шийдвэрлэсэн "Чингис хаан" музей байгуулах явдал юм. Музейн барилгыг 1.6 жилийн дотор барьсан бөгөөд 6 мянга гаруй дурсгалыг стандартын орчинд хадгалах боломж бүрдэж байна. Нөгөөтээгүүр музей нь гадаад, дотоодын аялал, жуулчлалыг татахын зэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, гавьяаг дэлхийд сурталчлах нэгэн үүд болох юм. "Чингис хаан" музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуунтай ярилцлаа.

 

“ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ СОЁЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”

-Та "Чингис хаан" музейн захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Чингис хааны музей юу, Монголын хаадын музей байх уу гэдэг дээр иргэд янз янзын ойлголттой байх шиг. Музейн нэр болоод агуулгын учрыг товч тайлбарлаж өгнө үү. Үүгээр яриагаа эхлэх үү дээ?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны тогтоолоор одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрээр “Чингис хаан болон хаад язгууртнуудын музей”-г байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу тухайн оны есдүгээр сарын 15-нд тус музейн анхны үзэл баримтлалыг танилцуулах хурал Төрийн ордонд болсон. Тэнд Монголын 60 гаруй эрдэмтэн судлаач оролцож, миний бие үзмэр, дэглэлтийн үзэл баримтлалыг танилцуулан хэлэлцүүлж байлаа.

Хүмүүс янз бүрийн ойлголттой байх шиг байгаа юм. Энэ бол Чингис хааны музей биш, түүний нэрээр нэрлэгдсэн үндэсний хэмжээний музей. Өөрөөр хэлбэл, монголын хаад, язгууртнуудын төрт улсын музей гэж ойлгож болно. Гэхдээ Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан Чингис хаан, түүний угсааны хаадын дурсгал музейн гол цөм нь болно. Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн гэнэт гарч ирсэн зүйл биш. Түүнээс өмнө мянган жилийн тэртээх төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгал үүнд хамаарна. Тэр дундаа Чингис хааны алтан ургийнхны дурсгалыг харуулсан үзмэр зургаан заалны хоёрт нь байхаар төлөвлөсөн. Эцэст нь, 1911 онд үндэсний эрх чөлөөг зарлан тунхаглах үед гавьяа байгуулсан алтан ургийн хаад, язгууртнуудын дурсгал, үзмэрээр төгсөж байгаа юм. Ерөнхийдөө, Хүннүгийн үеэс 20 дугаар зууны эхэн үе хүртэлх Монголын хаад, язгууртнуудын түүхийг харуулсан музей гэж хэлж болно.


-Чингис хааны нэрээр нэрлэгдсэн үндэсний музей гэж та хэллээ. Гэхдээ үүний дийлэнх үзмэр нь Чингис хаан, түүний угсааныхантай холбоотой юм байна. Тэгэхээр, ер нь Чингис хааны эдэлж хэрэглэж байсан зүйл энэ музейд байгаа болов уу?

-Манайхан Чингис хааны эдэлж хэрэглэж байсан яг юу байдаг юм бэ гэж их асуудаг. Түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлээс юу ч олдоогүй гэдгийг хүн төрөлхтөн мэднэ. Македоны Александр, Юлий Цезарийн эдэлж, хэрэглэж байсан зүйл гэж лав сонсоогүй. Гэхдээ Чингис хаан гэдэг алдар суут хүний нэрээр нэрлэгдсэн энэ музей Монголын эзэнт гүрний түүхийг төв болгосон. Эзэнт гүрний дээд, өмнөх үеийн хаад, язгууртнуудын түүхийг харуулсан, мөн Чингис хааны шууд угсаа буюу алтан ургийнхны түүхэнд хамааралтай дурсгалыг тавих юм. Ер нь өнөөгийн Монголын газар нутаг дээр байгаа өв соёл, хүн ард бүгдээрээ л Чингис хааны өв. Их эзэн хааныхаа ач буянаар энэ газар нутаг үлдсэн, хүн төрөлхтөнд танигдсан шүү дээ. Чингис хаан бол зөвхөн Монголынх биш, дэлхийн хаан. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хувь нэмэр оруулж, ертөнцийн сүүлийн 20 зууны хоёр зууныг эзэмшсэн хаан. Түүний угсааныхан түүнээс ч том эзэнт гүрнийг байгуулсан. Тэгэхээр, энэ музей бол тэр бүх үр удам, дээдсийнх нь үлдээсэн өв соёлыг хадгалж байгаагаараа Чингис хааны өв болно.

-Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан нэг ч зүйл дэлхийн хаана ч байхгүй гэсэн үг үү?

-Чингис хаан агуу их хаан шигээ агуу их нууц хэвээр байгаа.

-Монголын хаад, язгууртны музей бусдаас юугаараа ялгарах онцлогтой юм бэ?

"Чингис хаан" музей байгуулсан явдал нь магадгүй, зууны түүхэн дэх Монголын соёлын дэд бүтцийн хамгийн том бүтээн байгуулалт. Энэ музей нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей. Хоёрдугаарт, тус музейд олон улсын хэмжээний үзэсгэлэн хүлээн авч дэлгэх боломж бүрдэж байна. Гуравдугаарт, Энэ музей Монголын музейн салбарын түүхэнд цоо шинэ жишиг тогтоож байгаа. Дөрөвдүгээрт, Монголын өв соёлыг хадгалах, хамгаалахад том үүрэг гүйцэтгэнэ. Монголд хэдэн арван мянган түүхийн дурсгал Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ШУТИС, МУИС-ийн хонгилоос эхлээд, чингэлэгт хадгалагдаж байна. Тэдгээрээс хамгийн гол дурсгалуудыг сонгон музейд дэлгэх юм.

Энэ музей монголчуудын бахархал, эх оронч, үндэсний үзлийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Музейн дээд давхарт алтаар хийсэн Чингис хааны сэрэг дүрийг зална. Бидний тооцоогоор, музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театрт үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээ авахад 8.5 цаг зарцуулна. Зөвхөн музейг үзэхэд дунджаар 5 цаг зарцуулахаар тооцож байгаа юм.

-Музейд ер нь хэчнээн тооны, ямар үзмэр бүрдүүлж, дэглэж байна вэ. Мэдээж их хаанаар овоглосон, багагүй хөрөнгө зарцуулсан энэ музейд юу тавих бол гэж хүмүүс сонирхож байгаа...?

-Энэ аугаа хүний нэрээр нэрлэгдэж байгаа их бүтээн байгуулалтыг хараад юу тавих бол гэж санаа зовнидог нь аргагүй биз. Өнөөдөр Монгол Улсын музей, архив, номын сан, их дээд сургууль, хүрээлэнгийн фондод ил тавигдаагүй 100 мянга гаруй дурсгал байна. Үүнээс бид 6300 дурсгал буюу, тэдгээрийн 10 хувьд ч хүрэхгүй дурсгалыг "Чингис хаан" музейд тавихаар төлөвлөсөн. Тэгэхээр "Чингис хаан" музейд ямар үзмэр, дурсгал тавих бол гэж санаа зовних хэрэггүй гэж хэлмээр байгаа юм. Музей сул асгасан сувд шиг дүүрэхгүй нь мэдээж. Гэхдээ урт удаан хугацаанд үргэлжлэн хийгддэг ажил.

-“Чингис хаан” музейн барилгыг саяхан албан ёсоор ашиглалтад хүлээн авсан. Харин хэзээ нээж, иргэдэд үйлчилж эхлэх вэ?

-Музейг ашиглалтад оруулах төлөвлөсөн хугацаатай ч КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Нэлээд цаг алдлаа. Гадаадаас шилэн хорго авахаар захиалсан. Хорго гэдэг зүгээр нэг шил биш шүү дээ. Тусгай зориулалтын, шатдаггүй, агаар нэвтрүүлдэггүй, бактери оруулдаггүй, бүх зүйл нь автоматжсан, дэлхийд чанар, стандартаараа эхний гуравт ордог хорго захиалсан. Захиалга авсан компани Солонгосын үндэсний музейн хоргыг хийж байсан туршлагатай. Гэвч цар тахлын нөлөөгөөр, дэлхий нийтээр ачаа тээвэр удаашраад байна. Гэхдээ хорго ирэхээс урьтаж хийх бэлтгэл ажил асар их байна. Тэр ажлаа хийгээд, ирэх жилийн эхээр музейгээ ашиглалтад оруулна. Яагаад гэвэл, ирэх жил Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож буй. Их хааныхаа мэндэлсний өндөр ойд зориулан монгол түмэн суу алдрыг нь харуулсан соён гэгээрлийн төвтэй болох нь зүйн хэрэг.

-БҮХ ДУРСГАЛЫН 85 ХУВЬ НЬ ЭХ ХУВЬ-

-Олон улсын музейнүүд түүхэн дурсгалын хуулбарыг байршуулах нь элбэг. "Чингис хаан" музейн дурсгалын хэдэн хувь нь эх хувиараа байх вэ?

-Манай музейн нийт үзмэрийн 85 хувь нь эх дурсгал байх юм. Олон улсын жишгээр энэ хувь, хэмжээ янз бүр л байгаа. Бид Эзэн Чингис хаан, Монголын хаадтай холбоотой дурсгалуудын “А” хуулбарыг дэлхийн 11 улсаас авахаар төлөвлөсний 9-өөс нь аваад байна. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс Чингис хааны нэр бүхий чулууны бичгийг 2019 оны 12 дугаар сарын 6-нд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчид бэлэглэсэн байдаг. Миний бодлооор, үндсэн эхээсээ ч сайн хуулбар болсон. Ерөнхийдөө музейд, албан ёсны зөвшөөрөл, сертификаттай хуулбар дурсгал нийт үзмэрийн 2-3 хувийг эзэлнэ. Эх дурсгал нь бодитой харагдах боломжгүй болсон үед сэргээж, ийм байсан гэж харуулдгаараа хуулбар дурсгал ач холбогдолтой байдаг.

Музейд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Эдгээр нь 10 орчим хувийг эзэлнэ.

-Технологийн дэвшил ашигласан үзмэр 10 хувийг эзэлнэ гэлээ. Тухайлбал ямар үзвэр, үйлчилгээ байх вэ?

-Музей гэдэг чинь үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш шүү дээ. Хүнд хамгийн зөв мэдээллийг ямар хэлбэрээр өгөх вэ гэдэг соён гэгээрлийн үүргийг л биелүүлж байгаа юм. Өнөөдөр дэлхийн музейнүүдэд байх ёстой тэр бүгд байгаа. Анимейшн бүтээж, VR-аар үзэх, тухайн дурсгалыг интерактив түвшинд гаргах юм. Дурсгал бүр дээр QR код байх бөгөөд түүнийг нь гар утсаараа уншуулаад НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбарыг үзэх боломжтой.

-Музейн дийлэнх нь буюу зургаан танхимын хоёрт нь Чингис хааны өвтэй холбоотой үзмэр байх нь. Тэгэхээр, Чингис хаантай холбоотой хамгийн ховор, нандин үзмэр гэвэл Та юуг нэрлэх вэ?

-Нандин үзмэр гэвэл мэдээж, Хархорины дурсгалуудыг хэлнэ. Хоёрдугаарт нь, Юань улсын үед хамаарах монгол нутгаас олдсон дурсгалууд байна. Хамгийн сүүлд гэхэд, энэ жил бид Сүхбаатар аймгаас Юань улсын үеийн тоногдоогүй 10 гаруй жирийн иргэн, язгууртан хоёрын завсрын шинжтэй хүмүүсийн дурсгал олсон. Жишээлбэл, бүтэн богтог малгай. Энэ бүгд тавигдана. Дээрээс нь Юань улсын үед эдэлж, хэрэглэж байсан, түүнээс дээш үед ч байсан хөшөө, хүн чулуу зэрэг хөдөө орон нутагт хөсөр хэвтэж байсан хосгүй өвийг татаж авчирсан.

Ер нь нийт дурсгалын 80 гаруй хувь нь эхээрээ байна гэдэг олон улсын музейд бараг байхгүй. Казахстаны музей, Солонгосын музейн нийт дурсгалын 50 гаруй хувь нь л эх хувь нь байх жишээтэй.

Музей нэг өдөр байгуулагддаг зүйл биш, аажимдаа баяждаг. Малтлага судалгаа хийнэ, хувь хүмүүсээс худалдаж авна, гадаад, дотоодоос олж авна. Сүүлийн үед байгуулсан Азийн томоохон музейнүүдийн жишээг авч үзье л дээ. Хөххотын музей, Казахстаны музей, Солонгосын музей 3.5-8 жилийн дотор бүрэн дэглэж дууссан. Тэгээд 10-15 жилийн дотор жинхэнэ музей болж төлөвшдөг.

Манай музейн явц цар тахлын үед харин ч хурдан өрнөж байгаа. Засгийн газраас ихээхэн дэмжлэг болж, музейн барилгын санхүүжилтийг гацаалгүй 1.6 жилийн дотор ашиглалтад орууллаа. Музейн барилгын нийт талбай нь Азид эхний 10-т орно.

-Чингис хаантай холбоотой үл давтагдах түүхэн дурсгал, биет үзмэрийг хэрхэн бүрдүүлж байна. Гадаад, дотоодоос үзмэр хандивлах, туслах зүйл байна уу?

-Тийм зүйл байна. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуайд гадаадаас дурсгаж байсан Монголтой холбоотой дурсгалуудын “А” хуулбарыг үнэ төлбөргүй бэлэглэсэн. Жирийн иргэд ч Эзэн богд Чингис хааныхаа музейд бэлэглэе гэсэн дурсгалууд байна. Гадаадаас мөн ижил санал ирж байгаа. Тухайлбал, Японоос Хубилай хааны тэнгисийн флотод хэрэглэж байсан онгоцны моделийг захиалж авч байгаа. Таван метрийн урттай, маш сонирхолтой үзмэр болно. Японд патентын эрх нь байдаг бөгөөд түүнийг нь бид авсан. Азербейжанд байгаа Монгол хатны дээлийг тус улсын музей яг тэр материалаар нь урлаж Монголд бэлэглэж байх жишээтэй. Эрмитажийн музей Чингисийн чулууны бичгийн “А” хуулбарыг нь Оросын урдаа барьдаг хуулбарлагчаар хийлгэж Монголд үнэ төлбөргүй бэлэглэсэн.

Ер нь дэлхий дахины анхаарлыг хандуулахыг зорьж байна. Би өнгөрсөн сард Төв Азийн бүс нутгийн улс орнуудын 13 үндэсний музейн захирлуудын хуралд оролцлоо. Энэ хуралд, "Чингис хаан" музейгээ танилцуулсан. Тэнд Эрмитаж, Третьяковын галерей, Кремлийн музей, Энэтхэг, Хятадын үндэсний музейн захирлууд бүгд оролцсон. Монгол Улсад ийм музей байгуулагдлаа, ийм ажил явуулж байгаа гэхэд талархалтай хүлээж авсан.

“МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ НЭГЭН ҮҮД”

-Мэдээж олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей гэж Та онцолсон. Тиймээс гадаадын улс орнуудын музейтэй хамтран ажиллах биз ээ. Музейн захирлын хувьд, гадаад харилцаагаа хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Бид гадаад харилцаагаа нэлээд өргөн хүрээнд төсөөлж байгаа. Нэгдүгээрт, ижил түвшний дэлхийн музейнүүдтэй харилцаа тогтоох ёстой. Манай музей одоохондоо байгуулагдаад 5-6 сар л болж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар, 10 гаруй дэлхийн музейтэй хамтын ажлаа эхлүүлчихсэн. Онцолж хэлэхэд, өнгөрсөн жил Францын Нантын музей, Хятад улстай хамтарч Чингис хааны дурсгалын үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшилсон. Тэрхүү үзэсгэлэнг манай музей хамтарч дахин гаргахаар болж, Нантын музейн төлөөлөл 8 сард ирж уулзсан. Тэгэхээр, 2023 оны төгсгөлд Франц улсад “Чингис хааны өв” нэртэй үзэсгэлэнг гаргахад, "Чингис хаан" музей хамтарч ажиллана. Мөн ирэх жилийн гуравдугаар сарын 16-нд Японы Оасакагийн үндэсний музейд Чингис хааны  угсааны буюу алтан ургийн ноёдуудын хуучин гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.  

Бидний дараагийн зорилго бол Эрмитажийн музейд Монголын эзэнт гүрний дурсгалуудыг аваачиж үзэсгэлэн гаргахыг зорьж байна. Мөн тус музейн дурсгалуудыг Монголд авчирч үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлыг ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн 2020 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

Цаашид "Чингис хаан" музей зөвхөн Монголчуудад төдийгүй, олон улсад үзүүлэг, дэглэлтээ арилжааны болон сурталчилгааны хоёр хэлбэрээр дэлгэнэ. Энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах нэгэн үүд. Нөгөөтээгүүр, аялал жуулчлалыг татна. "Чингис хаан" музейд Монголд ирсэн жуулчин бүр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

- Их эзэн богд Чингис хааны маань мэлмий гийсний тэгш буюу 860 жилийн ойг угтаж тус музейгээс ямар ажил үйлс төлөвлөж байна вэ?

-Бид хэд хэдэн ажил төлөвлөж байна. Ер нь "Чингис хаан" музей ажлаа бол эхэлчихсэн байгаа шүү дээ. Өдөр тутамд шаардлагатай материал, олдвороо хаанаас татах вэ гэх мэтчилэн ажиллаж байна.

Ирэх жил их хааныхаа мэлмий гийсний ойд зориулж дэлхийн монголч эрдэмтдийн их хурлыг “Чингис хаан ба Монгол судлал” нэрийн дор хийхээр төлөвлөж байна. Цар тахлын нөхцөл байдал дээрдвэл наймдугаар сард зохион байгуулна. Үүнд дэлхийн 600 орчим монголч эрдэмтэн оролцох төлөвтэй байна. Үүгээр Чингис судлалын олон улсын холбоог байгуулна.

Мөн ойд зориулж ирэх жилийн наадмаар “Чингис хааны өв” үзэсгэлэнг музейдээ нээнэ. Чингис хаан, түүний үр удам, өвөг дээдэстэй нь холбоотой тусгайлсан үзэсгэлэн юм. Гэхдээ тухайн үед цар тахлын нөхцөл байдал ямар байхыг таашгүй. Саяхан Археологийн хүрээлэнтэй хамтран “Их Монгол улсын нийслэл Хорхорум хотын өв” гэдэг каталог гаргалаа. Эрмитажид байгаа Монголын эзэнт гүрний үеийн дурсгал гэдэг каталог ч гаргасан. Энэ бүгд өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй.

Чингис хааны өв Монголд ч, дэлхийд ч байна. Тэр дундаа дэлхийн зиндааны том музейд байна. Нэг талаасаа музей гэдэг чинь танин мэдэхүйн төв, нөгөө талаас эрдэм судлалыг хөгжүүлэх газар юм. Тиймээс том судалгааны төв болох ёстой. Магадгүй, Чингис хаан болон монголын хаад, язгууртны судлалын дэлхийн төв болохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас монголчуудын оюун, гэгээрлийн төв байх ёстой. Иймд, шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор төв болно гэсэн зорилт тавьж байгаа. Бидэнд төлөвлөгөө байна.

- ӨМӨЗО-ы Ордос хот дахь “Чингис хааны онгон” цогцолборыг олон сая жуулчин зорьж очдог. Монгол Улсад яг түүн шиг, "Чингис хаан" музейг зорих шалтгаан юу байх вэ?

-Бидэнд Чингис хаанаараа нэрлэсэн нисэх буудал, зочид буудал хоёроос өөр юм ховор. Тиймээс музей нь соёлын хувьд, тэр аугаа хүн, түүний угсаа, өвөг дээдсийн үлдээсэн өвийг хэрхэн хадгалж, хамгаалж чадаж байгаагаа харуулах боломж юм. Бид наймдугаар давхраа Монгол бахархлын заал гэж нээсэн. Ерөнхийдөө, нэг давхраас долоон давхар хүртэл Хүннүгийн үеийн дурсгалаас эхлээд, 20 дугаар зууны эхэн үеийг хүртэлх үзмэр дэглээд, наймдугаар давхрын зааланд хүн төрөлхтөний түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг харуулах юм. Тухайлбал, Монголчуудын цэргийн урлаг, бичгийн соёлд оруулсан гавьяаг харуулсан дурсгалууд байна. Мөн хүн төрөлхтөний түүхэнд Хархорум хот ямар үүрэг гүйцэтгэсэн, шашныг түгээн дэлгэрүүлэхэд монголчууд ямар үүрэг гүйцэтгэсэн зэргийг харуулсан заал юм. Харин түүний дээд давхарт 100 кг цул алтаар хийсэн Чингис хааны дүр байгаа. Монголбанкнаас алтыг нь гаргасан. Хүмүүс дээд давхарт нь гараад Чингис хааны хөргөнд хүндэтгэл илэрхийлээд доошоо буудаг байх юм.  Энэ музейд ирсэн жуулчин монголчуудын талаар бүх мэдээллийг авна. Тэгээд Хэнтийд байгаа Чингисийн цогцолборыг зорино.

Сонирхуулж хэлэхэд, Чингис хааны үеэс, тэдний удмынхны тахиж ирсэн хар сүлдний хялгас байгаа. Сүүлд Баруун хүрээнд тахиж байсан энэ хялгасыг одоо Үндэсний музей хадгалж байгаа бөгөөд удахгүй "Чингис хаан" музейд ирнэ. Ордост байдаг Чингис хааны онгон цогцолборт байгаа бүх дурсгалыг сэргээсэн байдаг. Харин манайд байгаа дурсгалууд археологийн судалгаанаас гарч ирсэн, яг тухайн үедээ хэрэглэж байсан зүйлс байгаа юм. Тэгэхээр манай музей илүү амьд гэж ойлгож болно.

-Дэлхийн талыг байлдан дагуулж явсан Монголын эзэнт гүрэнтэй холбоотой соёлын дурсгал, гадаадад зөндөө байдаг. Яг тэрийг л музейдээ авчраад тавьчих юмсан гэсэн үзмэр байдаг уу?

-Төлөвлөж тооцсон бүхнээ л хөөцөлдөж а хуулбар хийлгэх эрх авах, хийлгэх ажлыг гүйцэтгэсэн. Та бүхэн хараарай. Тэр, энэ дутуу гэх зүйл ганц хоёр л гарч магадгүй. Гадаадаас авчирсан зүйлүүд голдуу ялгагдах зүйлгүй “А” хуулбар бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй. Түүнийг нь олон улсын үзэсгэлэнд ч авч явах эрхтэй. Одоогийн түвшинд хангалттай, шунаад байвал зөндөө зүйл гарч ирнэ. Гэхдээ бидний амбиц бол голчлон өөртөө байгаа боломжоороо юм хийе гэж байгаа. Гэхдээ Чингисийн чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоцны хуулбар, Ватиканд байгаа хаадын захидал зэргийг авахаас аргагүй болж байгаа юм л даа. Болж л өгвөл өөрсдөө л бүтээе гэж зорьсон, тэр ч ёсоор болж байна. Тэгэхээр "Чингис хаан" музейд тавих үзмэрт санаагаа бүү чилээ л гэж хэлмээр байгаа юм.

-Музейн үзмэрт монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэгтэй холбоотой ямар дурсгалууд байх вэ?

-Чингис хаантай холбоотой үлдсэн хэдхэн зүйл бий. Тухайлбал, Бурхан халдун уул нь байна, Чингисийн чулууны бичиг нь байна, тамганых нь дардас нь байна. Тиймээс бид их хааныхаа “аюутугай, биширтүгэй” гэсэн тамгыг музейн логогоо болгохоор тогтсон.

Музейн тайлбарууд бүгд монгол бичиг хосолсноор байна. Түүнээс гадна наймдугаар давхарт дэлхийн бичиг үсгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг гэсэн танхим байх юм. Тэнд монгол бичиг, тод бичиг, соёмбо үсэг, али гали, вагиндра зэрэг бүх үсгийн дурсгалыг жишээ болгож тавина. Гуравдугаар давхарт бархма үсгээр монгол хэлээр бичигдсэн хүйс толгойн бичгийг хүндэтгэлтэйгээр зална. Тэгэхээр, монгол бичиг үсгийн түүхийг музейдээ ихээхэн чухалчилж үзэж байгаа.

-Музейн барилгын загварыг Туркэд байдаг худалдааны төвийг хуулбарласан гэх шүүмжлэл гарсан. Мэдээж Та тайлбар хэлнэ байх...?

-Өөлсөн хүнд юм бүхэн өөтэй харагдана. Барилгын зургийг Монголын урдаа барьдаг, энэ жил өөд болсон, архитектур Д.Балдан гаргасан юм. Гадаад, дотоодын ямар ч барилгаас хуулбарласан зүйл байхгүй. Би музейн үзүүлэг дэглэлт, төлөвлөгөөг анхнаас нь гаргахад оролцсон хүний хувьд мэдэж байна. Бүх зүйл нь анхнаасаа төлөвлөгдөөд хийгдсэн.

Архитектурын шийдэл гэдэг нь тухайн хүний оюун санааных нь шүүс. Тэр хүний бодож төлөвлөсөн зүйлийг үгүйсгэж болохгүй. Бид Чингис хааныхаа музейг дэлгүүр мэт харж байгаа бол их хаандаа тийм л хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг.

 

“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ОЧДОГ ГАЗАР БОЛНО”

-Барилгын бөмбөгөр орой дээр шонхор шувуу залсан харагддаг. Та энэ барилгын бэлгэдэл, утга учрыг нь нарийн тайлбарлаж болох уу?

-Монголын түүхэн сурвалжид гардаг шүү дээ. Гэрийн тоонон дээр шонхор шувуу нисэж ирээд, “жингэс, жингэс” дуугарсан, тэгээд Тэмүүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн тухай домог бий. Дээд талын бөмбөрцгийн оройд тоононы цамхраа байдаг. Мөн бөмбөрцгийн урд талаар цагаан хаалт маягийн зүйл байгаа нь эсгий туургатныг илтгэж байгаа гэрийн туургыг төлөөлүүлсэн. Гадна талын ангархай, дотор талд монгол гэрийн хана шиг зүйл бий. Барилгын урд талын гурван багана нь эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлж байгаа юм. Үүдний хаалга монгол “гэрэгэ”-г бэлгэдэж дугуй хэлбэртэй. Баганын доод талд боржин чулуун чимэглэл, хаалганы хавтас дээрх чимэглэл бүгдийг Монголын археологийн түүхэн олдвороос санаа авч сэргээн урласан. Гадна талын боржин чулуун чимэглэлийг Хархорум, Хасарын хотоос олдсон археологийн дурсгалыг манай уран бүтээлчид сэргээж бүтээсэн. Түүнээс биш, бурхан шашинтай ямар ч холбоо байхгүй. Зүүн хананд байгаа тамганууд нь алдарт Рашаан хаднаас Х.Пэрлээ гуайн олсон 326 тамгыг давтагдахгүйгээр хийлгэж өлгөсөн. Барилгын нүүрэнд таван хааны тамгыг хийнэ. Тодруулбал, Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх, Тулуй нарын тамга байх юм. Яагаад Тулуйн тамга орж ирэх вэ гэхээр, Их хаанын таалал болсноос хойш жилийн дараа Өгөдэйг хаан болох хүртэл отгон хүү Тулуй голомт сахиж байсан юм. Таван тамгыг тойруулаад Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй дурсгалуудыг шингээн хийсэн. Тухайлбал, нэг тамганд нь Архангайн гол модноос олдсон Лууг, нэг тамганд нь нэг эвэртэй бодь гөрөөсийг ороолгож сийлсэн байх жишээтэй.


-Орой дээрх шонхор шувуу нь ямар учиртай вэ?

-Шонхор шувууг дэлж биш шунгаж бууснаар урласан. Шувууны орой дээр нар, сарыг залсан. Нар сарын холбоос, харагдах байдлыг тооцож уран бүтээлчид шонхорын оройд буулгасан. Энэ барилга зүүн тийш Баянзүрх, баруун тийш Сонгинохайрхан, өмнө талд Богд уулан дахь Чингис хааны хөрөг дүрийг чиглэсэн диагнальд байгаа юм. Монголын 360 хоногийн хэд нь салхитай байдаг билээ. Тиймээс архитектурын шийдлээр салхи зүсэх байдлаар хийсэн. Энэ барилга ямар ч худалдааны төвтэй ижил биш. Ингэж жишиж байгаа нь Их хаанд зориулж буй зүйлийг үгүйсгэн гутаах гэж оролдож буй нэгэн бусармаг санаа.

Их хааны мэндэлсэн өдрийг буруу тогтоосон гэдэг үзэл бодолтой хүмүүс байсаар байна. Түүхч, академич хүний хувьд таны байр суурийг сонирхъё?

- Эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг, санал нэгдэнэ ч гэж байхгүй. Гэхдээ Эзэн Чингис хаанаа хүндэтгэдэг нэг өдөртэй болсонд баяртай байдаг. Тухайн үед өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр эрдэмтдийн саналын жин илүү дарж байсан юм. Тэгээд л ингэж тогтсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар, Монголын эзэнт гүрэн, түүх судалдаг 10 гаруй эрдэмтнийг миний биеэр ахлуулан ажлын баг байгуулж байсан юм. Тэр ажлын багт Ш.Бираа, Ш.Чоймаа зэрэг тэргүүлэх эрдэмтэд байсан. Ингээд, Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсон эрдэмтдийн дүгнэлтийг миний бие албан бичигт тусган Ерөнхийлөгчид ШУА-аар дамжуулан санал оруулж байв. Энэхүү албан бичигт Чингис хааны мэндэлсэн өдөр гэхээсээ илүүтэй, монгол бахархлын өдөр болгон тогтоож, их хаанаа хүндэтгэх ёстой гэдэг санал туссан. Тухайн үед Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн байх магадлалтай гэдэг үндэслэлийг нэлээд эрдэмтэн гаргасан. Үүнд одоогийн Түүхийн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, А.Очир нарын хүмүүс маш нарийн үндэслэлтэй бичсэн байсан юм.

-Чингис хааны мэндэлсэн, монгол бахархлын өдрийг ер нь ямар утга бэлгэдлээр хэрхэн тэмдэглэж байвал зохистой вэ. Ямар ч байсан удахгүй "Чингис хаан" музейг зорьж очиж их хаандаа хүндэтгэл илэрхийлдэг болох болов уу?

-Эзэн хааны мэндэлсэн өдөр болон 11 дүгээр сарын 26-нд тохиох тусгаар тогтнолын өдөр монгол хүн газар шороо, өв соёл, улс орныхоо төлөө юу хийсэн бэ гэдгээ нэг удаа цэгнэдэг байх хэрэгтэй. Ядаж монгол бичгээр уншиж сурсан байдаг ч юм уу. Энэ өдөр уран бичлэгийн үзвэр, үзэсгэлэн гарах зэргээр тогтсон зүйл бий болоод байна шүү дээ. Уламжлал ёсоор бол, Чингис хааныхаа одон гардуулдаг, есөн цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлдэг. Дараагийнх нь миний ойлгож буйгаар, "Чингис хаан" музейд том ёслол болдог, их хааны хөрөгт хүндэтгэл илэрхийлдэг болно. Энэ музей чинь шүншигтэй. Монголын тахилгатай 13 уулын шороо, бүх гол мөрний ус, Монголын үнэ цэнтэй гэсэн болгоныг дээдэх шонхор шувуу, их хааны хөрөгт шингээж, амилуулсан. Их хааны хишиг буян, сүр сүлд нь ивээх болов уу гэж бодож байгаа. Музей ашиглалтад орсноор, монголчууд бахархлын өдрөөрөө зорьж очдог нэг газар болно биз ээ.

“НОЁН УУЛЫН ДУРСГАЛЫГ ХОНГИЛД ХАДГАЛЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ”

-Монголын түүхийн өв, соёлын үнэлж баршгүй дурсгалуудыг хадгална. Тиймээс хамгаалалтын орчин хамгийн чухал нь байх ёстой байх?

-Ер нь бүх систем автомат. Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг чухалчилж барилгыг барьсан шүү дээ. Гал, усны аюулаас ч сэргийлсэн. Жишээлбэл, муугаар бодоход гал гарлаа гэхэд дусал ус оруулахгүйгээр вакумаар агаарыг нь хаагаад унтраачих жишээтэй. Ийм хэмжээний хамгаалалттай барилга Монголын хаана ч байхгүй. Улсын төсвөөр, монгол мэргэжилтнүүд өөрсдөө бий болгосон зүйл. Манайхан ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар л том төсөл хэрэгжүүлдэг шүү дээ.

Намайг Түүхийн хүрээлэнгийн захирал байх үед дээрээс нь ус алддаг маш муу орон сууцны хонгилд ноён уулын хивс, алдартай алт, мөнгөн дурсгал, тэр ч бүү хэл Баян-Өлгийгөөс олдсон мөсөн хүний авсыг хадгалж байсан шүү дээ. Одоо ч тэндээ байгаа. Харин стандарт музей байгуулах нь нэг талаараа хүнд хэцүү нөхцөлд байгаа өв, соёлоо хамгаалж, нөгөө талаар бахархан гайхуулах боломж олгож байгаа юм.

-Эцэст нь дүгнэхэд, "Чингис хаан" музей өв соёлоо сурталчлах, хамгаалах, нөгөөтээгүүр гадаадын жуулчдыг татах олон талын ач холбогдолтой. Музейг чамгүй хөрөнгө зарцуулж байгуулж байгаа. Тэгэхээр үр ашгийн тооцоог ч гаргаж байсан байх л даа. Хэдий хэмжээний жуулчин татаж, хэдий орлого олно гэж тооцож байна вэ?

-Таны асуулт маш зөв. Мэдээж бид тооцоо хийж байгаа. Одоогийн Үндэсний музейгээс долоо дахин том. Тус музей нь 2019 онд 800-900 гаруй сая төгрөгийн орлого олсон. Гэхдээ энэ нь "Чингис хаан" музей түүнээс долоо дахин илүү орлого олно гэсэн тооцоо биш. Логикоор бодоход, жилд нийт хүн амынхаа таван хувьд үзүүлбэл 150 мянган хүн. Тасалбарыг таван мянган төгрөгөөр бодоход л 700-800 сая төгрөг болно. Үүн дээр жуулчид ирнэ, музейн бусад ажил зэргээс 1-1.5 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн тооцоо бий. Ингээд цаашдаа 10 орчим жилийн дараа өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах хэмжээнд хүрнэ.

Засгийн газраас гаргасан нэг сайн шийдвэр бол 2019 оноос эхэлж соёл урлагийн салбарынхан олсон орлогоо өөртөө зарцуулдаг болсон шүү дээ. Бид цаашдаа үзмэрээ баяжуулна, байраа тохижуулна, харьцангуй бага цалинтай байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ соёл урлагийн салбар мөнгө олохоос илүүтэй соён гэгээрлийг эрхэмлэх ёстой. Соён гэгээрэл бол мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Би "Чингис хаан" музейг 10-15 жилийн дараа жигдэрсэн сайхан музей болно гэж найдаж байгаа.