-“Чингис хаан” музейн барилгыг саяхан албан ёсоор ашиглалтад хүлээн авсан. Харин хэзээ нээж, иргэдэд үйлчилж эхлэх вэ?
-Музейг ашиглалтад оруулах төлөвлөсөн хугацаатай ч КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Нэлээд цаг алдлаа. Гадаадаас шилэн хорго авахаар захиалсан. Хорго гэдэг зүгээр нэг шил биш шүү дээ. Тусгай зориулалтын, шатдаггүй, агаар нэвтрүүлдэггүй, бактери оруулдаггүй, бүх зүйл нь автоматжсан, дэлхийд чанар, стандартаараа эхний гуравт ордог хорго захиалсан. Захиалга авсан компани Солонгосын үндэсний музейн хоргыг хийж байсан туршлагатай. Гэвч цар тахлын нөлөөгөөр, дэлхий нийтээр ачаа тээвэр удаашраад байна. Гэхдээ хорго ирэхээс урьтаж хийх бэлтгэл ажил асар их байна. Тэр ажлаа хийгээд, ирэх жилийн эхээр музейгээ ашиглалтад оруулна. Яагаад гэвэл, ирэх жил Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож буй. Их хааныхаа мэндэлсний өндөр ойд зориулан монгол түмэн суу алдрыг нь харуулсан соён гэгээрлийн төвтэй болох нь зүйн хэрэг.
-БҮХ ДУРСГАЛЫН 85 ХУВЬ НЬ ЭХ ХУВЬ-
-Олон улсын музейнүүд түүхэн дурсгалын хуулбарыг байршуулах нь элбэг. "Чингис хаан" музейн дурсгалын хэдэн хувь нь эх хувиараа байх вэ?
-Манай музейн нийт үзмэрийн 85 хувь нь эх дурсгал байх юм. Олон улсын жишгээр энэ хувь, хэмжээ янз бүр л байгаа. Бид Эзэн Чингис хаан, Монголын хаадтай холбоотой дурсгалуудын “А” хуулбарыг дэлхийн 11 улсаас авахаар төлөвлөсний 9-өөс нь аваад байна. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс Чингис хааны нэр бүхий чулууны бичгийг 2019 оны 12 дугаар сарын 6-нд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчид бэлэглэсэн байдаг. Миний бодлооор, үндсэн эхээсээ ч сайн хуулбар болсон. Ерөнхийдөө музейд, албан ёсны зөвшөөрөл, сертификаттай хуулбар дурсгал нийт үзмэрийн 2-3 хувийг эзэлнэ. Эх дурсгал нь бодитой харагдах боломжгүй болсон үед сэргээж, ийм байсан гэж харуулдгаараа хуулбар дурсгал ач холбогдолтой байдаг.
Музейд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Эдгээр нь 10 орчим хувийг эзэлнэ.
-Технологийн дэвшил ашигласан үзмэр 10 хувийг эзэлнэ гэлээ. Тухайлбал ямар үзвэр, үйлчилгээ байх вэ?
-Музей гэдэг чинь үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш шүү дээ. Хүнд хамгийн зөв мэдээллийг ямар хэлбэрээр өгөх вэ гэдэг соён гэгээрлийн үүргийг л биелүүлж байгаа юм. Өнөөдөр дэлхийн музейнүүдэд байх ёстой тэр бүгд байгаа. Анимейшн бүтээж, VR-аар үзэх, тухайн дурсгалыг интерактив түвшинд гаргах юм. Дурсгал бүр дээр QR код байх бөгөөд түүнийг нь гар утсаараа уншуулаад НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбарыг үзэх боломжтой.
-Музейн дийлэнх нь буюу зургаан танхимын хоёрт нь Чингис хааны өвтэй холбоотой үзмэр байх нь. Тэгэхээр, Чингис хаантай холбоотой хамгийн ховор, нандин үзмэр гэвэл Та юуг нэрлэх вэ?
-Нандин үзмэр гэвэл мэдээж, Хархорины дурсгалуудыг хэлнэ. Хоёрдугаарт нь, Юань улсын үед хамаарах монгол нутгаас олдсон дурсгалууд байна. Хамгийн сүүлд гэхэд, энэ жил бид Сүхбаатар аймгаас Юань улсын үеийн тоногдоогүй 10 гаруй жирийн иргэн, язгууртан хоёрын завсрын шинжтэй хүмүүсийн дурсгал олсон. Жишээлбэл, бүтэн богтог малгай. Энэ бүгд тавигдана. Дээрээс нь Юань улсын үед эдэлж, хэрэглэж байсан, түүнээс дээш үед ч байсан хөшөө, хүн чулуу зэрэг хөдөө орон нутагт хөсөр хэвтэж байсан хосгүй өвийг татаж авчирсан.
Ер нь нийт дурсгалын 80 гаруй хувь нь эхээрээ байна гэдэг олон улсын музейд бараг байхгүй. Казахстаны музей, Солонгосын музейн нийт дурсгалын 50 гаруй хувь нь л эх хувь нь байх жишээтэй.
Музей нэг өдөр байгуулагддаг зүйл биш, аажимдаа баяждаг. Малтлага судалгаа хийнэ, хувь хүмүүсээс худалдаж авна, гадаад, дотоодоос олж авна. Сүүлийн үед байгуулсан Азийн томоохон музейнүүдийн жишээг авч үзье л дээ. Хөххотын музей, Казахстаны музей, Солонгосын музей 3.5-8 жилийн дотор бүрэн дэглэж дууссан. Тэгээд 10-15 жилийн дотор жинхэнэ музей болж төлөвшдөг.
Манай музейн явц цар тахлын үед харин ч хурдан өрнөж байгаа. Засгийн газраас ихээхэн дэмжлэг болж, музейн барилгын санхүүжилтийг гацаалгүй 1.6 жилийн дотор ашиглалтад орууллаа. Музейн барилгын нийт талбай нь Азид эхний 10-т орно.