Жүжигчин, продюсер, кино найруулагч Б.Амарсайхантай Монгол Улсын Соёлын элчийн үйл ажиллагаа, Монгол Улсыг төлөөлж Оскарт оролцсон “Эргэж ирэхгүй намар” кино болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцав.
-Эх орноо хилийн чанадад төлөөлөх Соёлын элч болж байх мөчид танд ямар сэтгэгдэл төрж байснаас хоёулаа яриагаа эхэлье.
-Өнгөрсөн оны 6 дугаар сард ГХЯ-наас Монгол Улсын Соёлын элчээр намайг томилсон. Монгол Улсаас 50 гаруй Соёлын элч, гадаадаас 18 орчим хүн байдаг юм билээ. Гадаад, дотоодод ажиллаж амьдарч буй эдгээр хүмүүс Монгол Улсыг гадаадад сурталчилж, таниулах үүрэгтэй. Соёл урлагийн салбарт ажиллаж, амьдралаа зориулж яваа хүний хувьд Соёлын элч болно гэдэг үнэхээр бахархалтай, сайхан санагдсан. Элч гэсэн үг ч гэсэн өөрөө их сайхан шүү дээ. Монголчууд олон зуун, олон мянган жилийн өмнөөс харь оронд элчээ довтолгож байсан уламжлал, түүхтэй ард түмэн. Тиймээс хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.
-Соёлын элч болсноосоо хойш Та эх орноо хэрхэн сурталчилж байна вэ?
-Кино урлагтай амьдралаа холбосноос хойш тасралтгүй 24 жил энэ салбарт ажиллаж байна. 2014 онд Нетфликсийн “Марко Поло” цувралд Ариг Бөх хааны дүрийг бүтээснээс хойш “Хөх тэнгэрийн хязгаарт”, “Монголиан коннекшн” зэрэг киног ко-продюсерлаж, кино зохиолыг нь бичилцсэн. Эдгээр кино маань Японы артхаус инди кинотеатруудаар жилийн турш тасралтгүй гарч, Хойд Америкийн Амазон прайм, Дисней плас, Зүүн Европын HBO, Япон, БНСУ-ын зах зээлд үзэгчдийн хүртээл болж монгол ахуй, соёл, хүн зоныхоо зан байдлыг таниулсаар байна.
Ингээд бодохоор хийж буй уран бүтээл маань олон улсад Монгол Улсаа сурталчлан таниулж явааг маань үнэлэн, цаашдаа илүү ихийг хийж гүйцэтгэх итгэлийг хүлээлгэн Соёлын элчээр томилсон гэж боддог. Миний хувьд Соёлын элч болохоос өмнө ч, болсноосоо хойш ч уран бүтээлдээ шамдан, утга агуулга, хийцлэлийн хувьд өмнөх бүтээлүүдээсээ ахисан уран бүтээлийг олон төрөл жанраар бүтээх хүсэлтэй явж ирлээ. Ингээд өөртэйгээ ажиллаад, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж явахад аяндаа Монгол орноо гадныханд таниулах зорилго давхар биелэгдэнэ гэж боддог.
Миний найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” кино өнгөрсөн оны 10 дугаар сард Хойд Америкийн таван том фестивалийн нэгээр нэрлэгддэг, Канадад зохион байгуулдаг Ванкуверийн Олон улсын кино фестивальд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн. Эх орондоо 11 дүгээр сард нээлтээ хийсэн энэ киног маань Монгол Улсын Кино урлагийн зөвлөл 95 дахь удаагийн Оскарын “Шилдэг олон улсын кино” хэсэгт Монгол Улсаа төлөөлөн оролцох киногоор шалгаруулсан. Энэхүү кино маань өнөөдрийн байдлаар Энэтхэг, Канад, Швейцарь, Дундад Ази, Өмнөд Солонгосын томоохон кино фестивалиудын уралдаант хэсгүүдэд шалгараад байна. Фестивалийн дотоод журмын дагуу цаг нь ирэхээр нэрийг нь зарлаад явна. Ингээд бодохоор хийж буй уран бүтээлээрээ олон улсад монгол орноо, монгол ахуй соёлоо сурталчлахад хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байна.
Амьдарч буй орчин, соёлоороо “ялгарсан”, сэтгэл хөдлөлийн хувьд дэлхийн үзэгчидтэй холбогдож чадах “юниверсаль” дүр, сэдэвтэй кино хийхээр зорин ажиллаж байна.