Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог юм бэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?
Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг ялтан тус бүрээр нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна.
Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.
Цахим бугуйвчны худалдан авалт ямар хэлбэрээр зохион байгуулдаг вэ?
Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг.
Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар
Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч үнэ өртөгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан. Өнөөдрийн байдлаар 420.000-оос 780.000 төгрөгийн үнэтэй цахим бугуйвчийг ашиглаж байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?
Технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарлан хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүний хувьд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.
Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?
Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.
Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг түүврийн аргаар авч үзэхэд судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн судалгаагаар гарсан.