Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө, маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө, маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023 оны 12 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд зарим газраар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -11-16 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн байна.