МУИС-ийн Улаанбаатар сургуулийн профессор, археологич, доктор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Монголын эртний түүх, Азийн нүүдэлчдийн амьдрал, зааг ялгаа, түүний онцлогийн талаар яриагаа эхлэх үү?
-Эртний Грек, Ром, Хятад, Энэтхэгийн соёл гэдэгтэй нэгэн адилхан, манай монголчууд эртний асар их баялаг түүхтэй улс. Бидний агуу их түүхийг, тэр дундаа гадаадын судлаачид “нүүдлийн соёл иргэншил” гэж тайлбарласаар ирсэн байна. Англи хэлээр “nomadic” гэх нь монголоор “нүүдлийн соёл иргэншил” гэдэг үгтэй хоорондоо утгын хувьд таарахгүй байгаа юм. Монголчууд бид “нүүдэлчид” биш, бид энэ нутагтаа хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй, өнөөгийн энэ төрөлх нутагтаа үеийн үед байсан, одоо ч байгаа. Монголчууд харин дэлхийн хүн төрөлхтний соёлд “бэлчээрийн мал аж ахуйтны соёл” хэмээх том хэвшлийг бий болгосон юм. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг ойлголтыг “газар тариалант, суурин соёл”-той харьцуулан, онцгой анхааран, судлах шаардлагатай гэж үздэг. Монгол Улсад “Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн”-г ЮНЕСКО-гийн санхүүжилтээр байгуулсан. Харамсалтай нь, манайхан анхнаасаа түүх, соёлдоо анхаарлаа хандуулаагүй. Харин тэрхүү боломжтой санхүүжилтийг нь үр ашиггүй ашиглаж байгаад одоо ямар ч зардалгүй болсон. Тэр хүрээлэн одоо байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Эзнийх нь хувьд бид л өөрсдөө “Бид хэн юм бэ?” гэдгээ тодорхойлон танин мэдэж судлах ёстой.
Монгол орны одоо байгаа нутаг дэвсгэр дээр чулуун зэвсгийн үеэс эхлээд оюун ухаант хүн амьдарсан. Энэ түүх огт өөрчлөгдөөгүй. Харин дунд нь Хүннүгийн эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн гээд том том улс байгуулж байсан байна. Монгол Улс 1,6 сая хавтгай дөрвөлжин км талбай нутагтай жижиг улс. Одоогийн энэ Монгол Улсын хил хязгаар бол 20 дугаар зуунд гадаадын хүчтэй Төр улсуудын, улс төрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон нутаг дэвсгэр юм. Түүнээс биш бид Евразийн толгой, том улс байсан гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ би үүгээр бусдын нутаг дэвсгэр, түүх соёлд санаархаж байгаа юм биш, улс, үндэснийхээ өнгөрсөн түүхийг сануулж байгаа нь энэ. Харин бид өөрсдийгөө хэн бэ гэдгээ таньж илэрхийлэх нь чухал. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Монгол гээд эртний төрт улсыг бидний өвөг дээдэс байгуулжээ. Түүнийг одоогийн түүх уншдаггүй ихэнх хүн нэг улс нүүж ирээд, нөгөө улс нь хаяж нүүж яваад байсан юм шиг, өөр өөр нэртэй улс ээлж дараалаад байгуулаад байсан юм шиг ойлгоод байгаа юм. Тийм биш ээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байсан дээрх нэр бүхий улсуудын “ТӨР”-үүд оршин байжээ гэж ойлгож болно. Өнөөдөр улс, үндэстний тухай ойлголт, төсөөлөл өөр болж. Уг нь Монгол Улс, монгол үндэстний нэр биш юм аа, Монгол Төрийн нэр.
-“Бэлчээрийн мал ахуйтны соёл иргэншил” Европт очоод яагаад “хэсүүлч тэнэмэлчний” хэмжээнд хүрэх болов. Энэ үйл явдал хаанаас эхтэй юм бол?
-Бидний өвөг дээдсийн бүтээн бий болгосон уламжлалт түүх, соёлын ул мөр дэлхий дахинд үлдсэн байна. Дэлхий дахины түүхийг таньж мэдэхдээ өөрсдийнхөө түүхийг харьцуулж үзэх ёстой. Монголын эзэнт гүрэн, Хүннүгийн эзэнт гүрэн аль аль нь байхдаа нутаг дэвсгэрээ тэлэн, тухайн төрд гавьяа байгуулсан хүнд газар нутаг шагнан, эрхэм хүндтэй цол хэргэм олгодог байж. Түүнийгээ хэдэн үеэрээ, угсаа залгамжлан эзэмшдэг. Гэхдээ газар нь хэзээ ямагт их хааны өмч, төрийн өмч байсан. Түүнээс биш хэзээ ч хувийн өмч байгаагүй. Евразийн зарим улсад тэр уламжлал өнөөдөр ч хадгалагдаж байна. Унгар улсад, Хүннүгийн Аттила нарын эзэмшиж байсан газар өнөөдөр үе залгамжлагдан хадгалагдсан хэвээрээ байна. Тэр хүний үр удам, уламжлалт төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа учраас хадгалагдан үлджээ. Тухайлбал, газар эзэмшиж байгаа тэр хүн төрийн эсрэг үйлдэл хийсэн бол хэргэм зэргээс нь буулгаж, газрыг нь хураан авч болдог. Дараагийн төрд зүтгэсэн хүнд өгдөг уламжлал байжээ. Яг энэ уламжлал 13 дугаар зуунд маш идэвхтэй явсан. Их Монгол улсын үед Чингис хааны 4 хүү Цагаадайн улс, Алтан ордны улс, Хүлүгэгийн улс, Их Юань гүрэн зэрэг 4 улсыг байгуулжээ. Харамсалтай нь, эв нэгдэлгүй байсан нь одоогийн бидний хувьд гашуун түүх.