-Татан гаргах ажиллагааг зохион байгуулахдаа алба хаагчдын ажлыг хялбаршуулсан, техник технологийг илүү ашиглаж, цаг хугацаа хэмнэх цаашлаад аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болжээ гэж харж байна?
-Татан гаргах ажиллагаанд олон үйлдэлт Про-5 загварын усны дроныг ашиглах сургалт дадлагыг мэргэжлийн багш нараар удирдуулан зохион байгуулж, алба хаагчдаа дадлагажуулсан.
Мөн аврагч усчин буюу шумбагчид усан доороос мэдээ дамжуулах, холбооны техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Түүнчлэн томилогдон үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлийн түр зааврыг боловсруулан, мөрдлөг болгон ажиллалаа. Биднээс шалтгаалахгүй, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал, бороо ороогүй өдөр гэж бараг байсангүй.
Олон техник, цахилгаан үүсгүүрүүд ажиллаж байгаа учраас аянга цахих эрсдэл өндөр байлаа.
Салхи ихсэхээр давалгаа ихтэй учраас татан гаргах ажиллагаа түр зогсох тохиолдол ч байсан. Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан.
Мөн татан гаргах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлэн ажилласан учраас эрсдэл бүхнийг даван туулж чадлаа.
-Харахад, хэлэхэд амархан мэт боловч ажиллагаа ихтэй, үүсэж болох эрсдэл өндөртэй, тооцоолоогүй асуудлууд тулгардаг гээд тоочоод байвал олон зүйлийг ажиглаж байна. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй ажил учраас хүн бүрээс ур чадвар шаардсан, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа давуу тал ч бас байна?
-“Сүхбаатар” хөлөг онгоц бол живсэн газар, жин, хэмжээ, байрлал нь тодорхой байсан учраас тооцоо, судалгаа хийхэд арай хялбар байсан. Усны гүнд илрүүлсэн тэмдэгт тээврийн хэрэгсэл байна уу, хад асга байна уу гэдгийг эхлээд усны дроноор бичлэг хийж зураг авч тогтооно. Үүний дараа эрдэмтэн судлаачид гүн, хэмжээ, байршлыг тооцоолон, татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Нөгөө усны дрон маань өөрөө олон үйлдэлтэй учраас усны гүнд тухайн объектыг сүвлэх, оосорлох ажиллагааг хийдэг.
Эхний сүвлэгээ амжилттай болбол дараа, дараагийн сүвлэгээг хийж, фермийг ашиглан татан гаргах ажиллагааг хийнэ. Хязгаарлагдмал орчин буюу усны гүнд учраас хүнээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Цаг хугацаа ч их шаарддаг ажил.
Усны гүнд 20 метрт ирсэний дараа усчин аврагчид үндсэн бэхлэлт, холболтыг шалгаж түүний дараа фермийнхээ тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна. Объектыг нуурын эрэгт ойртуулан тусгай татах зориулалттай КТЛ автомашинаар татан эрэгт гаргаж, шатахуун, шатах, тослох материалыг өөр саванд юүлэн аюулгүй болгож, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу шийдвэрлэдэг. Дунджаар тооцоолоход 2-9 хоногийг нэг техник хэрэгслийг татан гаргахад зарцуулсан байх жишээтэй.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт долоон техник хэрэгслийг 33.4-128 метрийн гүнээс татан гаргасан байна. Татан гаргасан тээврийн хэрэгслүүдээс 47.7 тонн бохирдлыг соруулж, зориулалтын дагуу устгасан. Хэрвээ энэхүү бохирдол далайд асгарсан бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээний буюу 2949 га талбай бохирдох эрсдэлтэй байна гэсэн судалгаа, тооцоог гаргасан.
Ингээд бодоод үзэхээр маш их ажиллагаа, чадвар, багийн ажил, хүн бүрийн үүрэг оролцоо ямар чухал байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байх.
Ажлын хэсгийн эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, усчин дайчид ажиллагаанд оролцсон бүх алба хаагчдынхаа ур чадвараар үнэхээр бахархаж байлаа. Татан гаргах ажиллагаанд оролцсон байгууллагууд болоод алба хаагчдын хувьд маш том бодит сургалт, дадлага боллоо гэж ажлын хэсгийн даргын хувьд дүгнэж байна.