Олон улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэхдээ баримталж буй нэг сайн арга нь хүүхэд залуусыг завгүй байлгах аж. Түүнчлэн ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор Ж.Мөнхболдтой ярилцахдаа манай улс Манжийн үеэс хар тамхитай хэрхэн тэмцэж ирсэн түүхийг ч хөндлөө. Тэрбээр "Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд эрүүгийн эрх зүй, криминологийн тулгамдсан асуудал” сэдвээр ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан юм.

-Өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээ нийгэмд эмзэг сэдэв болоод байна. Манай улс хар тамхитай хэрхэн тэмцэх ёстой вэ?

-Намайг ОХУ-ын Москва хотноо 2008 онд докторт суралцаж байх үед Монгол Улсад хар тамхитай холбоотой 100 гаруй гэмт хэрэг байсан. Энэ тухай ярихад эрдмийн зөвлөлийн гишүүд гайхаж намайг энд туршлага судлах биш, харин танай улсаас судлах сонирхолтой мэдээлэл хараад байна гэж байсан. Тухайлбал, 1800 оны үед Хятад бараг тэр чигтээ хар тамхинд нэрвэгдчихсэн, Европ, Английн наркотик бүлэглэл үүссэн байжээ. Жишээлбэл, Монгол Улс үүнд автахгүй яаж үлдсэн бэ гэдэг асуулт ургаж гарч байсан юм.

Үүнийг судлаад үзвэл, манай улсын төрийн бодлого байсан юм билээ. Учир нь аль ч төрийн үед хар тамхи гэдэг зүйлийг хаалттай байлгах, хилээр оруулахгүй байх гэдэг бодлого байсан.

Түүх судалбал, 1800 оны үеийн анхны бичиг баримтууд байна. Үүнд хошууны ноёдууд хар тамхи хэрэглэдэг хүнийг олон нийтэд зарлаж, шийтгэврээ танилцуулдаг байжээ. Богд хаант засаг буюу 1911 онд Монгол Улс тусгаар тогтносны дараа гаргасан хамгийн анхны зарлиг нь хар тамхийг хязгаарласан байдаг. Дараа нь Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй ардын засаг ялсны дараа мөн л анхны гаргасан дүрэм журам нь хар тамхийг хориглосон шийдвэр байсан.

Тэр үед ч ялгаагүй Дотоодыг хамгаалах яамны төлөөлөгчид бүгд хар тамхитай тэмцэх ажлыг нэгдүгээрт тавьж байжээ. Бусад төрлийн гэмт хэрэг байсан, гэхдээ хар тамхийг хамгийн эхэнд эрэмбэлж байв.

Социализм байгуулах, социалист тогтолцоо бий болгох үед ч ялгаагүй хар тамхитай тэмцэж л байсан. Харин зах зээлийн үед жаахан суларсан. Тиймээс хамгийн түрүүнд төрийн бодлогоо сэргээх ёстой.

-Хар тамхинд автсанаар Манжийн эдийн засаг хүнд байдалд орж улмаар тус үндэстэн мөхөх нэг ноцтой шалтгаан болсон гэдэг. Монголчууд хууль дүрмээ чанд мөрддөг ард түмэн байсан гэж ойлгох уу?

Монгол Улс шарын шашинтай улс шүү дээ. Шашны хуулийг хүмүүс мөрддөг, түүгээр цээрлүүлдэг байж. Хар тамхины ургамал өөрөө эмийн найрлагад ордог хэрэгтэй зүйл. Тиймээс эм найруулдаг ургамал ургадаг газрыг зөвхөн лам нар л мэдэх эрхтэй. Хүн нас барахад хаана оршуулахыг лам нараас асууна. Харин лам нар тэр ургамал ургадаг газрыг зааж өгдөг. Түүнийг нь оршуулгын газар гээд хүмүүс ойртдоггүй байж. Ингээд малчин ард тухайн газраар малаа бэлчээдэггүй, ойртохоос эмээдэг байсан тул наркотик гэдэг зүйлээс хол байжээ. Мэдэх ч үгүй байсан. Ер нь хүн аливаа зүйлийг мэддэг болохоороо сонирхож үзэх далд хүсэл тээдэг юм байна. Хүүхдэд “Цахилгааны залгуур руу хуруугаа хийж болохгүй, тогонд цохиулна” гээд хэлчихээр заавал очоод хийчих гээд байдаг. Тоохгүй хаячихбал тийшээ очдоггүй. Энэ л хүний мөн чанар

-Ер нь хар тамхи улс орны эдийн засагтай ямар холбоотой байдаг вэ?

-Хар тамхи эдийн засагтай шууд холбоотой. Хилээр наркотикийн бодис орж ирээд байгаа нь дурын хүмүүсийн хийчихдэг ажил биш. Энэ бизнесийг олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэг атгаж байдаг. Монгол Улсын эдийн засаг сайжирч, хууль бус мөнгө ихтэй боллоо, авлигад идэгдэж байна гэж яриад байна. Далд эдийн засаг нэмэгдэхийн хэрээр тухайн улсад хар тамхины сүлжээ орших таатай нөхцөл бүрдэж байдаг. Хүн хэзээ ч шударгаар олсон мөнгөө буруу зүйлд зарцуулахгүй шүү дээ. Хууль бус мөнгийг хууль бус зүйлд л зарцуулна. Тэгэхээр, олон улсын гэмт бүлэглэлүүд улс орнуудын далд эдийн засгийг нь судалж байгаад зохион байгуулалттай сүлжээгээ оруулдаг. Тэр сүлжээ нь манай улсад ороод ирчихсэн л байна гэсэн үг. Түүнчлэн эрэлт байхгүй бол нийлүүлэлт байхгүй гэдэг. Манайд эрэлт бий болгоод байгаа зүйлийг бид мэдэхгүйгээр бий болгочихоод байгаа юм.

-Яг яаж хар тамхины эрэлтийг бий болгоод байна гэсэн үг вэ?

-Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хар тамхины тухай кино үзэж, задгай зардаг улс орноор нь зорчиж, социализмын үед хаалттай байсан мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон. Ингээд одоо дэгдээд байгаа коронавирус гэдэг шиг шиг бие биедээ мэдээлэл тархааж автоматаар Монгол Улсад эрэлт бий болгож байна. Хүн гэдэг чинь мэдээлэл дамжуулах субьект шүү дээ.

ОХУ-д 1980-аад онд эстрадын дуучид хар тамхи хэрэглэснээс 12 сая хүүхэд хар тамхинд автсан гэдэг судалгаа бий.

Учир нь урлаг соёлын од, нийгэмд байр суурь эзэлсэн хүмүүсийг дуурайж хүүхэд залуус үсээ засуулдаг, хувцаслалт, тэр байтугай үг хэллэгийг нь дуурайдаг. Нэг дуучин таван мянган шүтэн бишрэгчтэй байлаа гэж бодоход автоматаар тэдгээр хүмүүсийн тархинд мэдээлэл суулгаж байдаг. Тиймээс урлаг, соёлын одууд хамгийн аюултай мэдээлэл тээгч нар юм. Тиймээс урлаг соёлын од гээд байгаа хүмүүст хариуцлагыг хатуу тооцдог байх хэрэгтэй. Уран бүтээлч хүн хар тамхи хэрэглэвэл нэр хүнд нь унаж, хүмүүс сэжиглэдэг юм байна гэдэг сэтгэлгээг суулгах нь зүй.

Богд хаант Монгол Улсын засгийн үед иргэд хар тамхи хэрэглэдэг хүнээс дөлж, салхин доогуур нь гарахаас сэжиглэдэг байсан. Гэтэл одоо үед “олны танил, мундаг баян хүн хэрэглэж байхад би яагаад болохгүй гэж” гэсэн сэтгэлгээ нийгэмд байгаад байна. Энэ бол урлаг соёлынхны буруу гэж үздэг.

-Урлаг соёлынхноос гадна, хэвлэл мэдээллийнхэн бид ч зохистой мэдээлэх талдаа алдаа гаргаад байх шиг санагддаг?

-Хүний тархинд мэдээлэл өгөөд байна шүү дээ. Хэрвээ тэр хар тамхины ургамал хаана байдгийг мэдэхгүй бол хэрэглэхгүй биз дээ. Түүнийг сурталчилж зааж өгөөд байгаа хэвлэл мэдээллийн сувгийг хориглох ёстой. Хэвлэл мэдээллийн бодлого гэдэг зүйл хэрэгтэй байна. Нэг нийтлэл уншсан хүний тархинаас түүнийг нь эргэж авч чадахгүй. Телевизээр гарч байгаа киног үзээд л хүний тархинд мэдээлэл суучихаж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхитай холбоотой зүйл гаргахыг хориглоно гэж хуульд заагаад, зөвхөн мэргэжлийн эрдэм шинжилгээний ажил, материалд хэрэглэхийг зөвшөөрчих хэрэгтэй. Ард түмэнд ямар ч буруу байхгүй. Төрийн бодлого л нөлөөлнө үү гэхээс хүн өөрөө энэ сонинд байгаа зүйлийг уншихгүй гээд нүдээ дарахгүй нь ойлгомжтой.

Прокурор, шүүгч нь тухайн хүнд тохирсон ялыг нь оноогоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараахгүй, үүргээ биелүүлэхэд л болно. Бөмбөлгөн нөлөөний онол гэж бий. шаарыг үлээгээд хагалахын тулд хоёр талд нь тэнцүү дарах ёстой. Түүнтэй адил шат шатандаа зэрэг тэмцэх хэрэгтэй. ОХУ, БНХАУ хар тамхитай тэмцээд эхэлбэл бид ч адилхан тэмцэхгүй бол тэдний гэмт бүлэглэлүүд манайд шууд орж ирэх эрсдэл үүснэ.  

Илрүүлж байгаа нь сайн хэрэг. Илрүүлэхгүй байвал бид энэ төрлийн гэмт хэрэг байхгүй гэж ойлгоно. Харин илрүүлээд гаргаж байгаагаа дараа нь яах вэ. Шүүгч яг тохирсон ялыг нь өгөхөөс өршөөл, хүний эрх яриад байх шаардлагагүй. Түүнээс биш хөөрхий минь энэ алдартай хүн гээд суллаад байж болохгүй.

-Шүүх оновчтой ялаа өгч чадахгүй байна уу?

-Зарим хүмүүс нь шоронгоос гарчихаад л буцаад ороод байна шүү дээ. Яагаад хоригдох ял авчихаад суллагдаад эргээд ороод байгаа юм. Тэгэхээр оновчтой ял мөн гэхэд эргэлзээтэй биз. Тэр хүнд оновчтой ял өгчихсөн бол гарч ирчихээд хэрэг үйлдээд буцаад шоронд ороод байхгүй шүү дээ.

-Тэгэхээр олон улсын бүлэглэлүүдтэй манай улс яаж тэмцэх ёстой вэ?

-Олон улсын бүлэглэлтэй тэмцэхийн тулд яг тэр хэмжээний албан хаагч, бүтэц нэгж байгуулж, нарийн мэдээлэл солилцдог байх хэрэгтэй. Хэдэн эрдэмтэн багш, гааль цагдаагийн ажилчид бөөгнөрч сууж байгаад хар тамхийг байхгүй болгоё гээд тэмцдэг зүйл биш. Нэг хуульд өөрчлөлт оруулаад ч алга болно гэж байхгүй. Гагцхүү, төрийн цогц бодлогоор л тэмцэж чадна. Энэ төрийн бодлого дотроо эдийн засаг, эрх зүй, боловсрол, техник, хил гааль, цахим сүлжээ ч гэдэг юм уу салбар бүрт нарийн арга хэмжээ авах хэрэгтэй.

-Өмнө нь хар тамхи хэрэглэсэн этгээдийг зөвхөн зөрчлийн хуулиар торгоод өнгөрдөг байсан. Харин саяхан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, хар тамхи хууль бусаар олж авсан гэдэг зүйл ангиар хэрэглэсэн хүнд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боллоо. Мөн энэ гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдвэл бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноодог боллоо шүү дээ. Ер нь ялын бодлого чангарвал энэ төрлийн гэмт хэрэг багасах уу?

-Хар тамхийг тараагаад байгаа олон улсын бүлэглэл буюу борлуулаад байгаа субьектыг л хатуу ялаар шийтгэдэг байх нь зөв. Сонирхуулж хэлэхэд, нэг килограмм героин гэдэг бодис дөрвөн мянган хүнийг мансууруулах чадалтай зэвсэг байгаа юм. Коронавирус 70 мянган хүнд халдлаа гээд л дэлхий нийтээрээ айж сандарч байхад, ердөө нэг килограмм героин ийм хор хөнөөлтэй. Тэгэхээр, энэ төрлийн бодис борлуулагч нарт хүн амины хэргээс ч илүү хүнд шийтгэл оноох ёстой.

Сонирхуулж хэлэхэд, 1913 онд Хятадаас Монгол руу явж байсан 500 жин тэмээгээр героин гэж бодисыг нийслэл хүрээнд нэвтрүүлж байгаад баригдсан түүх архивын баримтад байна.

Өөрөөр хэлбэл, нэг жинд 500 грамм буюу нийт 250 килограмм героиныг оруулж ирсэн байгаа юм. Үүнийг килограмм тутмыг нь дөрвөн мянгаар үржүүлбэл нэг сая болж байгаа биз. Тэгэхээр Монгол Улсыг тэр чигт нь мансууруулах зорилго агуулсан байж л дээ. Үүнийг оруулж ирсэн гурван хятад хүнийг Богд хааны гаалийн албаныхан барьсныг архивын баримтад тэмдэглэсэн байна. Хэрвээ тэр бодисыг нийслэл хүрээнд оруулж ирээд үнэгүй тараачихсан бол бидэнд өдийд тусгаар тогтнол байх ч үгүй. Тиймээс борлуулагч, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санаа нь энэ юм.

Зохион байгуулалттай гэмт бүлэг хилээр оруулж ирснийхээ дараа эхлээд хүмүүст үнэгүй тараагаад, дараа нь зарж эхэлдэг. Тэдгээр хүмүүс нь боловсролтой, боловсролгүй, прокурор, шүүгч, ерөнхийлөгч, ерөнхий сайд хэн ч байсан хамаагүй хууль тэгш ханддаг байх ёстой.

-УИХ-аас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “зохион байгуулалттай” гэдэг зүйл заалт оруулж тодотгосон нь дэвшил болсон гэж ойлголоо?

-Ял шийтгэлийг оноосны дараа яг л тэр хугацаагаар нь шоронд хорьдог байх хэрэгтэй. Тэгэхгүй найман жил хорих ялаар шийтгэлээ гэчихээд гурван жил болгоод л шоронгоос гаргаж болохгүй. Энэ нь хүмүүст буруу хандлага төлөвшүүлдэг.

Гадаадын судлаачид манай улсыг том газар нутагтай ч цөөхөн хүн амтай, хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсооход бүрэн боломж байна гэж хэлдэг. Үүнийг хийх бүрэн боломж байна. Хилээр л орж ирээд байна шүү дээ. Мөн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ, нийгмийн бүлгүүдээ хэсэг хэсгээр нь судлаад тус бүрт нь зориулсан ухаалаг, урт хугацааны нэгдмэл арга хэмжээ авах шаардлагатай. Мөн наркотиктой тэмцэх ажлыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Жишээлбэл, аль ч нам нь гарсан нь хамаагүй, Монгол Улс оршин тогтноё гэж байгаа л бол наркотиктой тэмцэх ажлыг тогтвортой үргэлжлүүлдэг байх хэрэгтэй. Наркотиктой тэмцэж байгаа нарийн мэргэжлийн албан тушаалтныг огт сольж болохгүй.

-Намын томилгоо байдаг гэж та хэлэх гээд байна уу?

-Би нэг нам гараад нөгөөхийг нь сольж байгаа зүйлийг харж байгаа болохоор байдаг л гэж бодож байна. Өмнө нь хийж байсан ажилтныг нь сольчихдог. Шинээр ирсэн хүн нь ажлаа ойлгох гэсээр байтал цаг хугацааны хийдэл гараад байна шүү дээ.

-Хар тамхины хэрэглээгүй болсон улс орнууд ч байна. Ер нь олон улсад хүүхэд залуусын хар тамхины хэрэглээтэй тэмцэж байгаа ямар туршлага байна вэ?

- Тийм ээ, хар тамхины хэрэглээгүй болсон Исланд, Швейцар зэрэг улсын жишээ бий. 1990 онд Исланд улсад гэхэд л наркотик буюу мансуурал дээд цэгтээ хүрч байв. Нийгмийн бүлгүүдэд чиглэсэн цогц арга хэмжээг сайн хэрэгжүүлсний үр дүнд энэ байдлаасаа ангижирч чадсан. Тухайлбал, нэг хот дотор бүх өсвөр үеийн хүүхдийн дунд судалгаа явуулж сонирхлынх нь дагуу ангилж, сагсанбөмбөг зэрэг дугуйлан байгуулсан. Түүндээ өсвөр үеийн бүх хүүхдийг хамруулсан байна. Өсвөр үеийнхний сонирхсон зүйлийг нь бий болгоод өгөхөөр тийшээгээ явахыг эрмэлздэг.

ОХУ бас яг ижилхэн судалгаа явуулсан байна. Судалгаанд өсвөр насныхан хамгийн их гэмт хэрэгт холбогддог хотыг хамруулжээ. Гэтэл хүүхдүүд сургууль тарсны дараа, эцэг эх нь ажлаасаа ирэх мөч хүртэл хамгийн их гэмт хэрэгт өртөж байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс энэ хоорондох цагт дугуйлан, секц хичээллүүлэх бодлого гаргасан. Үүний дараа тухайн хотод өсвөр үеийнхэн холбогдож байгаа гэмт хэрэг огт байхгүй болчихсон.Үүнийг л бодлого гэж хэлээд байгаа юм.

Саяхан Төрийн ордонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нийтийн сонсгол хийсэн. Тэр үед төрийн бус байгууллагууд маш буруу зүйл хэлж байна билээ. Зарим нь "Хүүхдүүд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй болохоор хэрэглээд байна. Тиймээс дунд сургуулийн хүүхдэд хар тамхины  тухай хичээл оруулъя" гэж ярьж байна билээ. Тэр хамгийн аюултай.

АНУ-ын нэг мужид хар тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх цагдаагийн алба хаагчаар дунд сургуулийн сурагчдад яриа хийлгэсэн байна. Тэгтэл гэмт хэрэг нь хэд дахин нэмэгдсэн харамсалтай түүх бий. Хар тамхитай тэмцэх байгууллага бол төрийн бус байгууллага биш, төрийн бодлогын нэгдүгээрт эрэмбэлдэг байгууллага байх ёстой. 

-Тэгвэл манай улс дээрх бодлогыг хэрхэн нэвтрүүлбэл үр дүнтэй вэ?

-Ерөнхийдөө, хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх нь 16-35 орчим насныхан байгаа юм. Бид дээрх жишээтэй адил цогц арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, дээрхтэй адил өсвөр насны хүүхдийг завгүй байлгах төрийн бодлого хэрэгтэй. Хүүхэд яг өсвөр насан дээрээ юм бүхнийг сонирхож үзэх хүсэл тээдэг. Миний бодлоор, дунд сургуулийн багш нарын цалинг нь нэмээд хичээл тарах үеэс орой хүртэл дугуйлан, секц ажиллуулах хэрэгтэй. Манай улсын хувьд, цөөн хүн амтай. Хүүхэд залуусын тал хувь нь хөдөө амьдардаг, зарим нь хар тамхи гэж мэдэх ч үгүй. Тал хэсэг нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотод төвлөрсөн. Энд л хүүхдийг завгүй, дугуйлан секцэнд хичээллэх боломжийг бүрдүүлэхэд улсаас хөрөнгө хаях хэрэгтэй. Ингэж чадвал гэмт хэрэг аяандаа байхгүй болно.

Монгол хүний онцлог, сэтгэхүйд тохирсон шинжлэх ухаанч арга хэмжээ явуулахад судалгаа хийдэг байгууллага хэрэгтэй. Яг ОХУ-ын ч юм уу, туршлагыг тэр чигээр нь хуулаад авахад монгол хүний сэтгэхүй хүлээж авахгүй. Гадны туршлагыг судалж монгол хүнд илүү тохирсон, хар тамхитай тэмцэх арга зүйг боловсруулах нь зүй. Тиймээс ул суурьтай, судалгаатай бодлого үгүйлэгдэж байна. Түүнээс биш ял шийтгэлийг нэмж, нэг хуульд өөрчлөлт оруулснаар энэ төрлийн гэмт хэрэг багасахгүй.