Хүн бүр мөрөөддөг ч гагцхүү хичээл зүтгэлийнхээ үрээр түүндээ хүрдэг. Мөрөөдлөө биелүүлсэн хүнд амьдрал илүү өнгөтэй, улам өргөн зам нээж өгдгийг түүний яриа илтгэнэ. Учир нь, нэг ч хүн танихгүй, харь оронд хөл тавих тэр их хүч зоригийг зөвхөн мөрөөдөл нь түүнд өгсөн аж. Өдгөө тэрбээр 140 гаруй улсын иргэд ажилладаг "Emirates" компанийн ажилчидтай мөр зэрэгцэн ажиллах болоод таван жилийг үджээ. Энэ бол дэлхийн өндөр зэрэглэлийн компанид ажиллаж буй олон монгол залуусын төлөөлөл, "Emirates Airline" компанийн онгоцны үйлчлэгч Л.Хэрлэн юм. Сар бүр агаарт 100 цагийг өнгөрөөдөг тэдний ажил хоол унд зөөх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Түүнтэй ажил мэргэжлийнх нь онцлог, амьдарч буй газар орных нь тухай, уртаас урт нислэг хоорондох чөлөөт цагийнх нь талаар ярилцлаа.
-Цэмцгэр дэгжин дүрэмт хувцастай онгоцны үйлчлэгч болохыг мөрөөдөж үзээгүй охид бараг үгүй байх. Харин таны хувьд хувь тохиол байв уу, эсвэл мөн л багын тань мөрөөдөл байв уу?
-Би ч мөн адилхан. Бага байхдаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байлаа. Миний хувьд, нисэхийн салбар тун сонирхолтой байсан. Монголд их сургуулиа төгссөнийхөө дараа би шинэ аяллаа эхлүүлж Япон улсыг зорьсон. Тэнд би япон хэлний сургууль, нисэхийн коллежид суралцсан. Энэ хугацаанд хийх ажил хайж байсан надад “Нарита” олон улсын нисэх буудалд ажиллах тохиол олдсон юм. Тэгээд тэнд ажиллаж байхдаа агаарын тээврийн "Emirates Airline" компанийн нисэх багийнхныг онгоцны буудал дээр анх удаа харсан. Тэдний улаан малгай, дүрэмт хувцастай олон улсын бүрэлдэхүүний баг сайхан, ёстой л нүд булааж байлаа. Тиймээс л миний сэтгэл Ойрх Дорнодын тус компанид татагдах эхлэл болж, тэдэнтэй хамт нисэхийг маш их хүсэх болсон. Ингээд тус компанид ажилд орох хүсэлт гаргаснаар бага насныхаа мөрөөдлийг биелүүлсэн дээ.
-Нисэх багийн гишүүн болохын тулд өндөр шалгуур давсан нь тодорхой. Ялангуяа, дэлхийн өндөр зэрэглэлийн агаарын тээврийн компанид ажиллах нь шаргуу ажиллахаас эхлээд нэлээд хүчин чармайлт шаарддаг байх л даа. Яг ямар шалгуур танд тавигдаж байв?
-Нисэх багийн гишүүн болоход эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй, уян хатан, найрсаг бөгөөд бусдад туслах чин хүсэл хэрэгтэй. “Emirates” компанийн хувьд бол, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, 21 болон түүнээс дээш настай байх шаардлага тавьдаг. Мөн гараа дээш сунгахад 212 см-т хүрдэг байх, өндөр 160 см-ээс дээш байх зэрэг шаардлага бий. Мэдээж, ахлах сургууль төгссөн, нүдэнд ил харагдах шивээсгүй байх ёстой. Түүнээс гадна шинэ хүн, шинэ газар, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх, бие махбодын хөгжил сайтай байх, мөн хариуцлагатай байхыг шаарддаг юм билээ.
-Та “Emirates Airline” компанид хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Би 2016 оны 7 дугаар сарын 8-нд Японы Осака хотоос Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу нисэж байсныг тодхон санадаг юм. Учир нь би энэ өдөр “Emirates Airline” компанийн нисэх онгоцны нисэх багийн гишүүнээр ажилд орохоор догдлон ирж байлаа. Дубайд зуны дунд үед агаарын температур 40 хэмээс давдаг. Тухайн үед би маш их баярлаж байсан ч, таньдаг ганц ч хүнгүй газар ирсэндээ бага зэрэг санаа зовниж байв. Гэхдээ, хотын төвд байрладаг компанийн байрандаа гайхалтай охидтой хамт амьдарч, тэдэнтэй эгч дүүс шиг л дотноссон. Ингээд хоёр сарын хугацаанд бэлтгэгдсэний эцэст Лондон хот руу хамгийн анх нисэж байлаа.
-Олон цагаар маш өндөрт, агаарын хөлөгт ажиллахад хүндрэл, бэрхшээл нь юу байдаг вэ?
-Агаарт олон цаг ажиллах нь бие махбодын хувьд маш их тэсвэр хатуужил шаарддаг юм билээ. Ялангуяа шөнийн цагаар нисэх, өөр өөр цагийн бүс дамнан урт нислэг үйлдэх нь сонирхолтой шүү. Зуны аагим халуунаас жавартай өвлийн улиралд шилжих зэргийг дурдах нь зүйтэй болов уу. Нислэгийнхээ дараа бие махбодод маань юу хэрэгтэй байна түүнийгээ хийдэг. Зарим үед биеэ тэнхрүүлэхийн тулд 14 цаг унтах тохиолдол ч бий. Бид бүгд биеэ эрүүл чийрэг байлгах өөрсдийн аргатай болчихсон байдаг. Миний хувьд, нислэгийн үеэр аль болох их ус уухыг хичээж, арьсаа чийглэг байлгахын тулд нүүрний цацлага их хэрэглэдэг. Мөн хавангаа буулгахын тулд зориулалтын оймс өмсдөг.
-Та нислэгт гарахын өмнө юу юу бэлддэг вэ. Нисэх багийнхан ямар цагийн хуваарьтай байдаг вэ?
-Ажил үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө баримталдаг гол зарчмуудаа дурдвал, сайн унтах, сайн хооллох, дасгал хөдөлгөөн хийх юм. Цар тахал дэгдэхээс өмнө сард 100 цаг нисэж, долоо хоногт гурван тив дамнан аялах нь бидний хувьд ердийн хуваарь байсан. Сар бүр бид өөр өөр хуваариар ажилладаг. Нью-Йорк, Токио, Колката, Сиатл, Нарита гэх зэргээр. Богино нислэгтэй үед бид өдөртөө Дубайд эргэн ирдэг бол урт нислэгийн үед тухайн газраа 24 болон түүнээс дээш цаг байх шаардлагатай болдог. Зарим үед гэрээсээ дуудагдаж компанийнхаа байранд бэлэн байх тохиолдол ч гардаг. Ерөнхийдөө бид сард 12 хоног амрах хуваарьтай.
-Та нислэггүй үедээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Би амралтын өдрүүдээ биеэ чийрэгжүүлэх, оюун санаагаа амраахад зориулахыг хичээдэг. Йог бол өдөр тутмын амьдралын маань хамгийн чухал хэсэг. Өглөө босоод хамгийн багадаа 20 минут йогийн дасгал хийдэг юм.
Дубайн маш үзэсгэлэнтэй далайн эрэгт очиж найзуудтайгаа усанд сэлэх, наранд биеэ шарах юм уу, эсхүл эргээр нь алхах дуртай. Мөн Дубайд шинээр хийж үзэх зүйлс олон. Тийм ч учраас миний хувьд, Дубайд байхад өдөр бүр жуулчин шиг л санагддаг. Худалдааны төвүүдээр хэсэж, “Global Village”-ийг сонирхохоос гадна Хатта руу аялах дуртай. Түүнчлэн Эмиратын Фужейра, Аль-Айн зэрэг хотод амьдардаг монгол найзуудынхаа гэрт үе үе зочилдог доо.
-Нисэх багийн гишүүн нь хоол, унд зөөх төдий бус шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж ч үзүүлэх олон талын чадвар мэдлэг шаардсан, хариуцлагатай ажил болох нь анзаарагддаг. Харин та мэргэжлийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ, Таны ажлын хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Ажлын маань хамгийн чухал зүйл аюулгүй байдал. Нислэг бүрийн өмнө бид аюулгүй байдлын тухай асуултад хариулдаг бөгөөд үүнийг “Safe Talk” хэмээн нэрлэдэг. Бид бүгд “Emirates” компанийн бэлтгэл коллежид найман долоо хоногийн эрчимтэй бэлтгэлд хамрагдаж, хөлгийн тавцанд үүсэж болзошгүй янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулахад суралцдаг.
Манай “Emirates” компани бол жинхэнэ утгаараа даяаршсан компани гэж хэлж болно. Энд 140 гаруй улс орны иргэд ажилладаг юм. Миний хувьд, дэлхийн 150 гаруй чиглэлд аялахаас гадна даяаршсан хамт олныхоо нэгэн эд эс нь болж байгаадаа баяртай байдаг даа. Бид бүгдийн мэдлэг, боловсрол, соёл уламжлал ондоо боловч өөр хоорондоо туршлага солилцож, бие биедээ тусалж дэмжин насан туршийн найзууд болдог. Мөн өөр өөр соёл, шашинтай хүмүүс эвлэлдэн аж төрж буй даяаршсан хотод амьдарч, ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.
-Агаарын тээврийн компанид ажиллаж байгаа хүн дэлхийн олон оронд очдог нь мэдээж. Ер нь онгоцны багийнхан гадаад улс оронтой танилцах боломж гардаг уу. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сонирхолтой улс, хотын тухай асуумаар байна?
-Тийм ээ, очсон улс орноо үзэж сонирхох боломж бидэнд бий. Би “Emirates” компанид таван жил орчим ажиллах хугацаандаа 50 улсын 95 хотод очсон байна. Цар тахал дэгдэхээс өмнө очсон газартаа нэг болон түүнээс олон хоног байрлах болбол тухайн хотыг заавал үзэж сонирхдог байлаа. Шинэ газар очвол бид хамтдаа аялдаг байсан. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь гэвэл, Өмнөд Африкийн Кейптаун хот байсан. Африкт огт очиж үзээгүй байсан би дөнгөж хоёр дахь нислэгээрээ тэнд очсон. Кейптаунд газардсанаасаа хэдхэн цагийн дараа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар болон “Boulders” эрэг дээрх оцон шувуудыг үзэх аялалд гарч байлаа. Хавцал, далай хийгээд ногоон тал хөндийг харах үнэхээр сайхан. Тухайн үед бие махбод, оюун санаа маань сэргэж, эрч хүч авч буй мэдрэмж гайхалтай байж билээ.
Мөн Нью-Йорк хотоор хийсэн аялал маш гайхалтай байсан. Зул сарын баярын үе таарсан учраас цас ороод л, яг л кинон дотор орчихсон юм шиг л санагдаж байсан. “Rockefeller” төвийн урд зассан гацуур үлгэрийн юм шиг харагдаж байсныг мөн тодхон санаж байна. Харин одоо бол хот бүрд өөрийн хийх дуртай зүйлстэй болоод байна даа.
-Нисэх багийн гишүүнээр ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?
-Дэлхийн олон газар орныг үзэж, ганцаараа хилийн чанадад амьдарч, гадаадын иргэдтэй хамт ажиллах нь миний амьдралыг үнэхээр их өөрчилсөн. Хувь хүний хувьд, илүү төлөвшиж, сахилга баттай болж, харилцан ойлголцох чадвар сайжирснаас гадна амьдралын өчүүхэн жижиг хэсгээс ч аз жаргал мэдрэхийг суралцсан. Мөн эрүүл мэнддээ хэрхэн анхаарахаа мэддэг болсон. Бидний ажилд ганцаараа байх цаг их. Би гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст улам их талархдаг болоод байгаа. Мөн санхүүгийн хувьд илүү бие дааж байна. Түүнчлэн юу юунаас ч илүү энэ цаг мөчдөө амьдарч, сайхан дурсамж бүтээхийг эрмэлздэг.
-Таны гэр бүл Дубайд амьдардаг уу. Гэр бүлээ танилцуулж болох уу?
-Гэр бүлийнхэн маань Монголд амьдардаг. Миний өвөө, эмээ малчин хүмүүс боловч голчлон нэг газраа суурин байдаг байсан. Намайг таван настай байхад эцэг эх маань салж, ээж минь ажил олж суурьшихаар хот руу явснаас хойш би өвөө эмээтэйгээ хөдөө амьдарч эхэлсэн. Харин долоон нас хүрэхэд ээж маань намайг сургуульд оруулахаар хотод авчирсан. Ээж минь миний хувьд, үлгэр дуурайлал болсон хүн. Маш шаргуу хөдөлмөрлөдөг, хичээнгүй хүн л дээ. Би ээжийнхээ талынхан болон тэдний хүүхдүүдтэй тун ойр өссөн. Бид жил бүрийнхээ зуны амралтыг хөдөө өвөө, эмээтэйгээ өнгөрүүлдэг байлаа. Хүүхэд нас маань маш сайхан дурсамжтай өнгөрсөн дөө. Заримдаа би тэр үеэ зүүдэлдэг шүү.
-Хамгийн сүүлд хэзээ Монголдоо ирсэн бэ?
-Цар тахал дэгдэхээс өмнө би эх орондоо жилд гурван удаа очдог байсан. Ингэхдээ ихэвчлэн Бээжин, Сөүл хотоор дамжин Монголын агаарын тээврийн компаниудаар зорчдог байлаа. Харин Монголд цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийнхэн дээрээ очиж чадаагүй жил хагасын нүүр үзэж байна. Гэвч сайхан цаг ирж, зуны амралтаараа очно гэдэгт итгэж байна.
-АНЭУ-д, Дубайд ер нь хэчнээн монгол иргэн аж төрж байна вэ? Сурдаг, тан шиг ажилладаг гээд цөөнгүй хүн байгаа байх. Монголчууд хоорондоо холбоотой байдаг уу?
-Миний мэдэхээр 20 орчим монгол иргэн Дубай, АНЭУ-д оршин суудаг. Бид “Facebook” нийгмийн сүлжээгээр бие биеийнхээ талаар мэдэж холбогдож байсан. Миний хувьд, Дубай дахь монгол найзуудтайгаа ойр байж, үндэсний баяраа хамтдаа тэмдэглэдэг.
-Гадаадад амжилттай ажиллаж туршлага хуримтлуулсан монгол залуусаараа монголчууд ихээхэн бахархдаг. Ер нь эх орондоо ажиллах хүсэл байдаг уу, хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Мэдээж эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Одоогоор миний хамгийн сайн хийж чадах зүйл бол өөрийн туршлагыг хуваалцан зөвлөж, залуустаа эерэг нөлөө үзүүлэх гэж бодож байна. Мөн нисэхийн мэргэжилтний хувиар өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.
-Магадгүй, ирээдүйд Улаанбаатар-Дубайн хооронд нислэгтэй болох өдөр ирэх байх. Харин таны төсөөлөл, хүлээлт ямар байдаг вэ?
-Шууд нислэгтэй болно гэдэгт маш их найдаж байна. Миний хувьд, энэ салбартаа өөрийн чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
0 сэтгэгдэл