“Бид бүгдээрээ өөр. Мөн бид бүгд хэвийн”. Зохиолч, доктор Эмили Нагоски “Өөрийнхөөрөө дурь тавь” номынхоо өмнөтгөлийн төгсгөлийг эл өгүүлбэрээр зангиджээ. Магадгүй уншигчдад өгөх урам зоригоос дээгүүр агуулга түүн дотор бий. Ерөөс хүний харилцаа, хамтын нийгэм буй цагт гажуудал мэтээр хардаг, хөөрөлдөхөөс хулгаж эмээдэг сэдэв бэлгийн харилцаа байх ёсгүй сэн. Учир нь эл хувьсал, дур хүслийн үр дүнд бид бүтсэн шүү дээ. Харин үүнийг хэрхэн шинжлэх ухаантай нэгтгэж, орчин үеийн хүмүүсийн бэлгийн харилцааны зөв хандлага, эрүүл ухагдахууныг чухал баримт дээр суурилан тайлбарласныг “Өөрийнхөө дур тавь” номоос унших боломжтой. Гол нь эл номд гарах жишээ баримт, агуулгын эхлэлийг шинжлэх ухаан хүмүүст хэлж өгчээ. Харин зохиолч Нагоски үүнийг батлах юм.
Бэлгийн амьдралтай холбоотой болоод, сексийн талаарх олон янзын ном, сурах сэтгүүл, гарын авлага, подкастууд ч бий. Гэхдээ эдгээрт чухам шинжлэх ухаанчаар хандаж, нарийн тодорхой хариулт өгөх бүтээл цөөн. Үүнээс гадна яг эл сэдвийн хүрээнд тохиолддог тулгамдсан асуудлууд ба гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт зэргийг дотны найзтайгаа хуваалцах, цахим сургалт зэрэгт чимээгүйхэн сууж мэдлэг олж авахыг хичээх нь цөөнгүй. Харин үүн дээр “Өөрийнхөөрөө дур тавь” ном багшлах юм л даа. Одоо тэгэхээр тун ойлгомжтой болж ирж байгаа биз. Хэн нэгэн танд сургамжлах, эрээ цээргүй дүрслэл бүхий үгсээр дотор дүүргэх бус хамгийн итгэлт найзтайгаа чөлөөтэй ярилцаж буй адил санагдах болно.
Энэ тус бүтээлийн хамгийн гол давуу тал, онцлогийн нэг билээ. Жишээ нь өсвөр насныхны өөртөө итгэл байдал, ерөөс бусадтай харьцуулж, түүндээ өөрөө таварлагцан унаснаар сэтгэл гутралд дийлэнхдээ автдаг байдлаас ч энэ ном сэргийлнэ. Учир нь яг үүн дээрх хамгийн бодит, үнэн гаргалгааг уг бүтээл уншигчдад санал болгох билээ. Үүнээс гадна зөвхөн харагдах тал эсвээс дан ганц бие физиологиос гадна сэтгэлзүйтэй илүүгээр тулж ажиллах учраас бусад номуудаас ялгарч чадаж буй.
Эмили Нагоски бол “Индианагийн Их сургууль”-д бэлгийн харилцаа, түүн доторх хүмүүсийн зан байдлын талаарх судалгааны ажлаараа докторын зэрэг хамгаалсан эрхэм. Цаашлаад бэлгийн боловсрол болон стресс менежментийн чиглэлээр олон жил судалж, яг эл сэдвээр их дээд сургуульд багшилсан билээ. Мэдээж хүмүүсийн зан чанар гэдэг нэлээдгүй ярвигтай. Дээр нь эхэнд өгүүлсэн шиг бид бүгд өөр. Харин үүнийг хүний биологийн үүднээс сэтгэлзүй, зан араншинтай харгалдуулан нээсэн жишээ баримтууд нь тун хөдөлшгүй, бат нотоос гадна, туйлын үнэ цэнтэй юм. Учир нь яг үүн дээр чухал судалгаанууд явуулж эрс шулуухан дүгнэлтүүдийг гаргасан байдаг.
Үүнээс жишээлбэл ямартаа бэлгийн зан төлвийн хувьд хос хяналт гэх загвар, нэршил байх буюу. Үүнд хүний дур тачаалын үйл явц хоёр төрлөөс бүрддэг байна. “Нэгд, бэлгийн хурдасгуурыг идэвхжүүлэх. Хоёр, бэлгийн тоормосыг унтраах” гэх мэт... Харин эдгээр нь дотроо мөн өөрсдийн гэсэн онцлог шинжүүдээс бүрдэнэ. Тиймээс бэлгийн зан төлөв гэж юу болохыг мэдэхийг хүсвэл номыг хуудсан өгүүлэн буй жишээнээс цааш өөрөө унших, таньж мэдэх нь чухал болов уу.
Эдгээрээс басхүү нэгэн чухал зүйл бол бэлгийн амьдралд орчин нөхцөл хэрхэн нөлөөлдөг тухай асуудал мөн бий. Мэдээж хүн бүхэн л бусдаас өөр эсвээс хоорондоо онцгойлоод байхааргүй ижилхэн бүтэцтэй байлаа ч зан төлөв, бэлгийн чиг хандлагын үед энэ нь огт өөр гэдэг нь ойлгомжтой.
Номын бүтэц, агуулгыг хувьд ч заримдаа дэд гарчгууд уншигчдыг хөтлөөд явах нь бий. “Секс, хулгана, рок хөгжим” гэх юм уу эсвээс “Таашаах, хүсэх, суралцах”, “Албадвал бүтэхгүй”, “Сармагчны тархин дахь секс” гэх мэтээр үргэлжилнэ. Гэвч угтаа эдгээр нь зүгээр л бэлгийн амьдралын талаарх өгүүлэл, утга учиргүй дүгнэлт эсвээс бүр эрээ цээргүй хүүрнэл огтоос биш. Номын нэгдүгээр дэвтэрт өгүүлэгдсэн жишээ баримт бүхэн хоёрдугаар дэвтэрч илүү гүнзгий, утга санааны хувьд ч тун баялаг байдлаар бичигджээ.
Аж төрөхүй бол өөр өөрсдийн урсгалтай. Тэрхүү урсгал дунд тохиолдох зарим нийтлэг асуудлууд байдаг. Үүнийг нэг нь бэлгийн амьдрал хийгээд жаахан хүүхэд харанхуйгаас айдаг шиг бид ичиж нэрэлхэх үйлдлаас болоод энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, яг хэрэгтэй үедээ тусламж авч чадахгүй байх нь бий. Чухам л тиймээс танд үнэнч зөвлөх, зан араншингийн судалгаан дээр суурилсан шинжлэх ухааны зөв жишээ, нотолгоо илүүтэй чухал юм. Түүнээс л өөрт хэрэгтэй мэдээллийг, бэлгийн боловсролын талаарх үнэн, зөв ойлголтыг хүртэж чадна.
Угтаа бие анатомийн ялгаанаас авахуулаад бэлгийн амьдралын үеийн орчин нөхцөл хүртэлх гол хүчин зүйлсүүдийг ном танд өгүүлнэ. Тэр бүгд нь ямагт эрүүл сонголт руу хөтлөх билээ.
“Миний бодлоор бол: “Би шархаа бүрэн гүйцэд эдгээмээр байна” гэж бичвэл илүү зөв болно. Шарх анихдаа үргэлж хорсдог, яс хугарахад өвддөг, гэхдээ эдгэрэх тусам өвдөлт нь аажмаар намждаг. Сэтгэлийн шарх ч мөн адил. Та хугарсан ясаа бороолуулахгүй гэж шийдэж болохгүйтэй адил сэтгэлийн шархаа хэвээр нь үлдээж чадахгүй. Шаналал бол эдгэх явцын нэг хэсэг нь гэдгийг ойлгож; яс бороолно, зүрх тайвширна, эдгэрэх тусам өвдөлт улам бүр багасна...”
Дээрх жишээнээс үзэхэд дан ганц бэлгийн боловсролоос гадна сэтгэлзүй, хувь хүний зан байдалтай сексийн харилцаа, түүний эрүүл зөв сонголтын талаар бичлэгийн хувьд ч чөлөөтэй байдлаар илэрхийлж өгсөн нь харагдана.
Мэдээж олон томоохон хэвлэлийн газар, зохиолчид уг номыг бэлгийн боловсролын хувьд “Гарцаагүй хувьсгал хийх бүтээл” гэж нэрлэжээ. Харин миний хувьд бол энэ нь шинжлэх ухааны нээлт, судалгаан дээр үндэслэгдсэн буйгаас гадна хүн бүрийн унших ёстой тийм бүтээл. Учир нь бидний амьдралаас ховхлоод хаячихаж боломгүй зүйлсийн тухай үнэнийг танд өгүүлэх билээ.
0 сэтгэгдэл