SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД


    Б.Алтанхуяг
     2023-01-05 14:14
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email


    A sorrowful but captivating novel about the price of progress
    in modern China. The book, which was censored in that country,
    builds to an act of violence that resonates with
    the impact of Greek tragedy or Shakespearean drama.

    KIRKUS

    Дэгс гарчиг оноочихсон мэт санагдаж магадгүй. Гэвч уг романы сүүлчийн бүлэг, ерөөс хүний оршихуйн олон талт бодомжуудыг ухамсарлахуйн түвшинд бодитой нээсэн зэргийг аваад үзвэл тийм ч дэгсдүүлсэн хэрэг биш болно.

    Туурвил зүйн хувьд болоод сэтгэл зүйн реализмын төрөл зүйлийн хувьд аваад үзсэн ч Хятадын уран зохиолд нийгмийн харилцаа, тэдгээрт оролцож буй дүр болгоныг Достоевскийн адил бодитойгоор нээсэн зохиол бол Цао Сюэцинийн “Улаан асрын зүүд” юм. Үүнээс хойш Хятадын орчин үеийн уран зохиол хүртэл нийгэм дэх дүрүүдийн эмгэнэлээр эрхэм дээд чанар, хүний оршихуйн тухай хөндсөн бүтээл ерөөс төрөөгүй хэмээн судлаачид дүгнэдэг. Мэдээж хятад шиг оронд агуу туурвилууд бичигдсэн даруйдаа харанхуй нүхэнд шатаж, зарим нь олон зууны салхи, бороо, анир чимээгүйг шарласан хуудсандаа шингээн зохиогчийнхоо адил хэнд ч үл мэдэгдэх хувь заяаг олсон ч байж мэднэ. Ямартаа ч улс гүрэн болгонд өөрт нь чин хайртай, чин үнэнч суутнууд төрдөг аж. Тэд яг л Цао Сюэциний “Улаан асрын зүүд” гучин жилийн турш ардын дунд гараас гарт дамжигдан уншигдаж байсан шиг тийм шидээвэрийг эх орондоо зориулсан байдаг. Тэдний нэг бол Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” роман. Харин энд Цао Сюэцинийг зориуд дурдсан нь түүнээс өмнөх хятад зохиолуудад зүүднээс илүүтэй домгийн баатрууд л гол дүр байсантай холбоотой билээ.

    “Дин тосгоны зүүд” бол Хятадын орчин үеийн уран зохиолоос гадаад ертөнцөд хамгийн ихээр алдаршсан Кан Шүйгийн "Frontier"-той адил зиндаанд яригдаж, барууны ертөнцийн судлаачдын анхаарлыг татаж, дорнын уран зохиол сонирхогч залуус уран зохиолын лекц дээр олноороо жишээ болгон хэлэлцдэг бүтээл. Кан Шүйгийн романы үйл явдал Пэббле хэмээх нууцлаг хотод хөвөрдөг бол Ян Лянкөгийнх харин Дин тосгонд өрнөнө. Кан Шүй нэгэнтээ эл гоц туурвилынхаа амьтад, хүмүүсийн харилцаанаас гадуур зохицуулагдах байгалийн хатуу хууль, нууцлаг, зөн совинлог шинж, зүүднийх мэт ээдрээт өгүүлэмжүүдийн тухайд “Би зүгээр суугаад л бичлээ. Юу ч бодоогүй” хэмээсэн удаатай. Тэрээр ерөөс уран зохиолыг, тэр тусмаа роман хэмээх нүсэр байгууламжид бүтэц хамаагүй, хэмжээ нь урт, богино аль нь ч бай түүнд ялгаагүй гэж дүгнэсэн удаатай. Харин Ян Лянкөгийн Дин тосгонд өрнөх үйл явдлууд эхнээсээ л тодорхой бүтэц, дэс дараалал, өөрийн гэсэн зүүдтэй ба “Fourth Estate” сэтгүүлийн 2011 оны дугаарт онцлон өгүүлсэн шиг улс төрийн бараан хошигнол, эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг эрс шийдэмгий буруушаасан аяс нь Камю маягийн оршихуйн саарал егөөдөл, Кафка маягийн хүнд дарамтыг дүрүүддээ оноосон байна.


    ХҮҮРНЭГЧИЙН ТУХАЙ ОНОЛ

    “Аав аа, унтахгүй юм уу. Энэ шөнө та энэ өрөөнд унтаж юу зүүдэлмээр байна, түүнийгээ зүүдэл. Хүү нь таныгаа ачилж хайрлая л гэж санасан юм шүү хэмээвэй”
    “Дин тосгоны зүүд”, 302-р тал

    Романыг хүүрнэж буй өгүүлэгч буюу Дин овогтны удам залгагчдын нэг арван хоёр настай балчир хүү газраас улаан лооль олж идээд хордож үхдэг. Тиймээс романы хүүрнэгч аль эрт талийж одсон бяцхан хүү болж таарна. Энэ нь романд гарах олон зуун мянган үхлийн эхнийх хийгээд яван явсаар эцсийн үхэлтэй холбогдох, нэг ёсондоо Дин тосгонд зориулж буй өргөл байлаа. Барууны зарим судлаачид үүнийг нь хэт хийсвэр, шинэ санааг чухалчлах гэсэн оролдлого, гоц туурвилдаа гаргасан ноцтой алдаа зэргээр шүүмжилсэн нь бий. Зарим нь “Түүн шиг чадварлаг хүүрнэлчид үхсэн хүүгийн сүнсний тусламж хэрэггүй” гэсэн ч удаатай. Гэвч Ян Лянкөгийн тус романы хүүрнэгч булшин дотроосоо л энэ бүхнийг хүүрнэх шаардлагатай нь гол баатар Дин Шүйяний зүүд болоод Дин Хуйгийн үхэлтэй холбогдох тайлбарыг уншигчдаас нэхэх учир буруутгах аргагүй санагдана. Учир нь зохиогч эхнээсээ л Дин тосгоны иргэд рүү дайсагнасан өнгө аясаар үлээж байгаа хэрэг шүү дээ.

    Романы “Хэлмэл VII”-гийн гуравдугаар бүлэгт Дин Хуй нэгэнтээ талийж одсон хүүгээ өөр тосгоны унаж, татдаг эмэгтэйн нөхөр болгохоор ярьж тохиролцсон байдаг. Үхэгсдийг хооронд нь гэрлүүлэх заншил, магадгүй амьдаас илүү үхлийн ёсыг хамгийн сайнаар гүйцэлдүүлэхийн тулд тосгоны бүх модыг тайрч авс болгох зэрэг эдгээр ёсон гадаад уншигчдын хувьд байж боломгүй, хятад хүнээс гарах, хятад зохиолчийн л бодож олох эсхүл тэдний  амьдралд агаар амьсгалахаас үнэ цэнтэй зүйл болон хувирах этгээд гэхээс илүүтэй бодит үйл мэтээр өгүүлэмжийн санааг дан утгаар нийтгэсэн нь шинэлэг сэтгэгдэл төрүүлсэн байж болно. Гэхдээ хамгийн гол нь бүхий л үйл явдал, хүүгийн үхэл, үхсэний дараах хүүрнэлийг Дин өвгөний зүүд болгон хувиргах арга, тэндээс тосгонд болж буй бодит үйл явдлуудтай эл зүүдийг чадамгай холбох зохиолчийн уран санаа нь булшнаас хүүрнэгчийн талаарх судлаачдын бүхий л сөрөг бодлуудыг тас цохин няцаах боломжтой.


    АМЬСГАЛЖ БУЙ ТАМ



    “Үхэл Дин тосгоныг, ойр хавийн гацаа тосгодыг ч
    нүдгүй шөнө мэт нөмрөв”.
    “Дин тосгоны зүүд”, 17-р тал

    Янь Лянкө Хятадын Хэнань мужийн Сүн хошууны ядуу гэр бүлд төрсөн тул санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр их сургуулийн хаалга түүний өмнө дангинатал түгжээтэй байлаа. Тиймээс ч армид элсэв. Магадгүй түүний “Баяр баясгалан”, “Lenin’s Kisses” болоод өгүүлэн буй “Дин тосгоны зүүд” романуудад ажиглагддаг улс төрийн бодлогын эсрэг анхдагч санаа сэдэл, бүрэн гүйцэд нээгдсэн утопи, өгүүлэмжийн дотоод агуулга, агуулга доторх санаа зэрэг нь тухайн үеэс л биежиж эхэлсэн болов уу гэмээр санагддаг. Учир нь тэр ард болсныхоо дараа өөрийн тууж, богино төрлийн хүүрнэлүүдээ бичиж эхэлсэн юм.

    Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” амьдрахуйн төлөөх тэмцэл, асаад дууссан шүдэнзний модыг дарьтай дахин хавирахад ид шидийнх л баймаар хүчээр гал авалцдаг шиг бол “Дин тосгоны зүүд” ямагт тэр оршихуйн эсрэг чиглэгдсэн, улс төрөөс явуулсан бодлого нь ард түмний цэцэглэн хөгжих үндэс бус нийтээр гааруулсан өвчний суурь болж өгснийг ний нуугүй илчилсэн байдаг. Зохиол бүтээлийг нь засгийн газраас цензурт оруулан цавчиж, гадаад паспорт авах, хилийн дээс алхах эрхийг нь гурван жилээр хориглож ахуй тэр л үеүдээс хойш Ян Лянкө үзэл бодолдоо бат зогсож, нууцгүй үнэнийг “Хаан шалдан байна” гэж орилдог хүү шиг хашхиран хэлсний хамгийн тод цуурай нь эл роман билээ.

    Мэдээж нууж хаах, ичиж нэрэлхэх зүйл огт биш гэдгийг зохиогч ухамсарласан. Тэр тусмаа уран зохиолын тухайд бүр ч зоригтой, илэн далангүй байхыг чухалчилсан юм. Хайртай эх оронд нь бүтээлийг нь хориглоно гэдэг уран бүтээлчийн бодол санааг манантуулж, өдөр бүр дурлан бичдэг эх хэлийг нь мартуулсантай адилтгаж болмоор зүйл. Тиймээс ч романд өгүүлэгдэх Дин тосгоны иргэдийг тэрээр оршин буй ганцхан тамд л байхаар бүтээжээ. Өөр там гэж тэнд үгүй. Учир нь романы туршид хөврөх “үхэл” нэг ёсондоо тайвшралын бэлгэдэл болдог. Үхэл нь дүрүүддээ тайтгарал, тайвшралыг өгдөг. Тэд тахлын тухай, овог удмынхаа тухай, Дин тосгоны тухай, Дин Хуй, Дин багш, авсны тухай ч элдэв мэтгэлцээнд оролцолгүй ердийн амгалан төрхийг л олно. Харин үлдэж буй хүмүүс халдвар авсан, эс авсан эсэхээс шалтгаалан амьсгалж буй тамдаа үлддэг. Тиймээс ч тэд бусдыг дээрэлхэх, тачаалдаа захирагдах, хулгайлах, доромжлох, хууран мэхлэх бүрэн боломжтой хэвээрээ байна. Харин түүн дотор Дин Лянь, Линьлинь хоёрын хайр сэтгэл, үхлийн өмнөх оройн өгүүлэмж, харилцан яриа, Дин багш Линьлиний торгон хүрмийг Жал Дэчуаны эхнэрт өгөх зэргээс авахуулаад хүн хоорондын халуун дулаан харилцааны илэрхийллийг тосгоныхны авс урлахын төлөө тосгоны моддыг тайрч дуусгах хүйтэн чанартай эсрэгцүүлэн гаргасан юм. 

    Түүн дотуур Дин өвгөний зүүд үйл хэргийг холбосон, урьдчилан мэдсэн, зөн совингийн шинжтэйгээр урсаж нэг явдлыг нөгөө рүү хөтлөх ба тэгснээр уг романд гарч буй бүхэн эмгэнэлт явдал уу эсвээс үхэл бүр романы төгсгөлд өгүүлсэн шиг шинэ ертөнц бүрэлдэхэд зориулагдсан жижигхэн өргөл төдий юу гэдгийг ялгахад хэцүү болно. Аливаа зохиомол ертөнцөд муу бүхэн шийтгэгддэг. Гэтэл бодит ахуйд олон зуун мянган хүний цусаар газар чийгтэн дэвтэж, тэд навчис хагдрах адил толгой дараалан үхэж, эцэст нь цэцэглэн хөгжиж байх шиг... Дин овогт, Дин тосгон л энэ тамд амьсгал хураасангүй.


    ХОЁР ЕРТӨНЦИЙН ЦУУРАЙ

     

    “Хойдын орны тайзан дээр дуулахаар тийн одов”.
    “Дин тосгоны зүүд”, 58-р тал

    Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” романы үйл явдал Дин тосгонд өрнөдөг бол “Lenin’s Kisses” роман нь зөвхөн эрэмдэг хүмүүс төрдөг Шоухуо тосгоноос циркийн баг бүрдүүлж буйгаар эхлэл хэсэгт өгүүлдэг. Хотын дарга нь аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд Лениний цогцос худалдан авахаар болсон тул эрэмдэг хүмүүс циркийн аялан тоглолт хийхээр болно. Үүнээс үзвэл “Дин тосгоны зүүд” романы булшнаас хүүрнэгч, халдвар авснаар яр шарханд баригдсан иргэд, Шоухуо тосгоны эрэмдэгүүд зэрэг зохиолчийн доторх ард иргэдийн төлөөх эмзэглэл, тэдгээрийг хүндхэн нөхцөл рүү чирсэн засгийн газрын буруутай үйлдлийн талаарх дуу хоолой бүтээл бүрд нь ямар нэг хэмжээгээр тусгагдсан нь тодорхой ажиглагдана.

    Үүнээс гадна “Дин тосгоны зүүд”-д хоёр өөр ертөнцийн дуу хоолой цуурайлдаг. Нэгдүгээрт романы өгүүлэгч, эрт талийж одсон хүүгийн гэнэн өгүүлэмжтэй гэмээр атлаа заримдаа тэсгэлгүй дур булаам, нэгэн үест зовнил шингэсэн дуу юм. Харин нөгөө талд буюу бодит амьдралын өгүүлэмж дээрх Дин Шүйян өвгөний шаналал тээсэн боловч зоримог, тосгоны цорын ганц ёс суртахуунтай дүрийн хүчирхэг дуу хоолой. Роман ерөнхийдөө энэ хоёр дуу хоолой, тэдгээрээс алсад цуурайлах, үл тасалдах авианаас бүтдэг.

    Хүүг тосгоны бага сургуульд оршуулдаг билээ. Тэр л давчуухан газарт булаатай цагаан авсан дотроос хүү энэ бүхнийг хүүрнэж байгаа. Хүүгийн булшлагдсан энэ л сургуульд Дин өвгөн өвчтэй хүмүүсийг тусгаарлах түр эмнэлэг (хоспитал) байгуулж, тосгонд наран мандахаас жаргах хүртэл үлдсэн тоотой хэдэн хоногийг гэрийнхээ шавар тагз ширтэн өнчирч, ганцаардах бус нийтийн хүрээнд жаргалтай үдэх боломжийг олгодог. Дин өвгөн өөрөө удирдагч, хэвлэлийн төлөөлөгч нь болно. Ач хүүгийнх нь нойрсон буй сургуульд байгуулсан тус эмнэлэгийн доторх аз жаргал удахгүй гаарах хээл хахууль, авилга, ямар нэгэн журам, бодит шаардлагад үндэслэгдээгүй захирамжийг Жя Гэнжү, Дин Юүжэн нар эрхэндээ оруулах хүртэл үргэлжилдэг. Гэхдээ үргэлж зөрчилгүй байсангүй. Хоёр хэрэг үүсэж, түүнээс салбарласан том хэрэг шил дараалан манддаг. Энэ бүхнийг харин тоочин нурших хэрэггүй биз ээ.

    Тэгээд ч Дин өвгөн бол уг тосгоны авилга, хээл хахуульд автагдсан хамгийн том эрх мэдэлтэн болох төрсөн хүү, Дин Хуйтай тулалдаж зүрхлэх цорын ганц эр зоригтон юм. Тэр уг алхмаа мөн л тус сургуульд болох үхлийнхээ өмнө сүүлчийн дуугаа дуулж буй Ма Шяньлиний тоглолтын үеэр харуулдаг. Мөн тус роман тэр чигтээ зөвхөн Дин Шүйян өвгөний л зүүд мэт санагдана. Харин тэдгээр зүүдний тухай бичиглэл зарим мөчид хар зөнгөөрөө өвгөнд мэдрэгдэж, романы туршид өөрөө бүтсэн “ЭВ” мэт санагдах тул энд өгүүлэх нь утгагүй болов уу.

    Ихэнх томоохон хүүрнэгчийн хэл, бүтцийг тодорхойлогч зүйл ердөө хэдхэн дүрийн оролцоотойгоор өрнөдөг тэр жаягаар “Дин тосгоны зүүд” роман хоёр дуу хоолойноос бүтэж эцсийн зөрчил, туйл, тайлал зэргийг дотор нь багтаасан байна. Тэрхүү дуу хоолойн нэг нь “Намайг авраарай өвөө, намайг авраач өвөө!” гэж зүрх зүсэж, уушги урам орилох бол нөгөөх нь “Та нар сонсож бай. Би бүгдэд чинь баярт мэдээ дуулгая. Би өөрийн том хүү Дин Хуйг алчихлаа” гэх авай.


    ЗҮҮД БА ШИНЭ ЭРИН



    “Нэгэн удаа Чжоу эрвээхэй болсноор, тэгээд хөгжилтэйгээр
    дэвэн дэрвэж явна хэмээн зүүдлэжээ. Харин сэрээд ганц л
    зүйлийг ойлгосонгүй. Чжоу эрвээхэй болж зүүдэлсэн бол
    эрвээхэй зүүдэндээ Чжоуг үзсэн хэрэг үү?”
    “Эртний Хятадын судар”

    Тахлын тухай бид хангалттай мэдэх болжээ. Тиймээс зарим өгүүлэмжээс туурвил зүйн этгээд арга барилыг нь ойлгож болох юм. Альберт Камюгийн “Тахал” зохиолын нэгэн адил энэ романд ч мөн халдвар авсан иргэдээ тусгаарлах, тэдний богинохон амьдралд дэм үзүүлэх засаг төрийн бодлогын тухай ч гардаг. Тэрхүү богинохон амьдрал хүнд чухам хэрхэн нөлөөлж буйг Ян Лянкө экзистенциалст зүйрлэл болгон хувиргасан нь барууны судлаач, уншигчдын дунд тус роман дээгүүр түвшинд яригдах нэгэн суурь болж өгсөн юм.

    Үүнээс гадна бүлэг бүрийн доторх Дин өвгөний зүүд анхаарал татна. Тэрхүү зүүдийг романд өөр шрифтээр оноож өгсөн нь тун авууштай. Өвгөний зүүдэнд болж буй там тум, хэсэг бусаг гэмээр, заримдаа салангид бус хөврөх энэхүү функц нь бодит ахуйд цааш үргэлжлэх үйл явдал, тэдгээрийн учир шалтгаан, хойшид гарах үр дагаварыг нээж өгнө. Эцсийн үр дүнг нь мэдсэн учраас, зүүдэнд нь тусламж эрэх ачийнхаа дуу хоолойг сонссон өвгөн романы төгсгөлд төрсөн хүүгээ хороочихдог. Зүүдэнд үзэгдсэн хэлэмжийг зөгнөл болгон ашиглаж, дүрүүд тайлалд хөтлөгдөн эцсийн шийдвэрийг гаргадаг сод бүтээлүүд цөөнгүй бий. Харин Дин өвгөний зүүд зөвхөн зөн совингийн шинжээс гадна бодит ахуйтай сүлэлдэж, үйл явдлын учир шалтгааныг нээдэг нь зохиолчийн бодож олсон уран сайхны онцгой, өвөрмөц, шинэлэг илэрхийллүүдийн нэг мөн.

    Төгсгөлд ч мөн хүүгээ алсан хэргээр баримчлагдсан Дин өвгөн суллагдаж тосгондоо эргэн ирэхэд олон арван хоног хүлээсэн бороо цутгаж, ган тайлагдаж, халдварт өвчин нэгэнт урсан одож буйгаар сэтгэгдэнэ. “Тосгон гэмээнэ урьдын Дин тосгон хэвээрээ. Гагц хүн зон нь үгүйрэн оджээ”. Өвгөн тосгоны нэг захаас нөгөөг туулан алхаж анх л романы хүүрнэгч буюу ач хүүгээ оршуулсан сургуулийн байранд ирж бөх нойронд дарагддаг. Тэрээр зүүдэнд нь бургасны мөчир барьсан эмэгтэй шавар хутган нуруугаа давуулан шидэхэд жижигхэн шавар хүмүүс бий болж, нүдэнд нь шинэ ертөнц буй болж үзэгдэнэ. Өчнөөн олон үхэл хагацал тохиож, зөвхөн хүн бус байгаль ч мөн үхжиж хоосроод ангасан хөрс нь цусанд нэвширтэл дэвтсэн газар дээр ахин шинэ ертөнц үүсэж байна. Дин тосгон урьдын хэвээрээ. Энэ тосгон ч мөн Маркесийн Маконда, Камюгийн Оранаас ялгаатай нь “БИ” хүний үүрэг, бүтээлийн чухал дүр болж романд оролцдог. Тиймээс л урьдын хэвээрээ оршиж байгаа юм. Гагцхүү тэр моддоо алдаж, хөрсөө үгүйрүүлж, гол мөрөн нь ширгэсэн. Одоо харин бүрэн төрхөндөө дахин хувилж, өвгөний зүүдэнд шинэ хүмүүс төрж байна. Дэвэн дэлхийн нэгээхэн өнцөгт бүхнээс нууцлагдан оршсон нам гүмхэн суурингаас чимээлэх бүх ертөнцийн дууг чагнахуй дор орчин цагийн хятад үлгэр зүүдэндээ уншиж бараад нойрноос сэрэх мэт сэтгэгдэл төрнө.


    ЖИЧ:

    Уг романыг яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр монгол хэлнээ дуун хөрвүүлж, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Аливаа зохиол бүтээлийг, тэр дундаа уран зохиолыг монгол хэлнийхээ яруу тансагаар унших шиг сайхан нь үгүй. Нөгөөтэйгүүр тухайн зохиол анхлан буусан хэл, аялга дээрээ хэчнээн сайхан уншигдаж болох хэдий ч бид өөрсдийн хэл, сэтгэлгээтэй учир орчуулагдаж болох бүхнийг “монгол хэлнээ” буулгах ёстой. Англи эсвээс хятад дээрээ сайхан мэдрэгддэг, уншигддаг байж болно. Түүнийг нь монгол хэлэнд харь үгээр оноон нэрлэж заншаагүй бол, оноосон нэрийг хэвээр нь үлдээж болох ч бусдыг нь монгол хэл, сэтгэлгээнд буулгах л хэрэгтэй. Заримдаа утга санаанд тохируулан буулгах шинэ хэллэг, яг хэвээр нь хадгалах ёстой шинэ харь үг ч ийм нүсэр байгууламж дотор олноор тохиох нь мэдээж. Тэр хэрээрээ хэл ч өөрөө шинэчлэгдэж, баяжиж байдаг жамтай.

    Ямартаа ч нэгэн жишээ аваад үзье. “Дин тосгоны зүүд” романы эхлэлийг англи хэлнээс монголчлох гээд оролдох уу даа.

    “Намар орой. Тэнгэрийн хаяанд нар алгуурхан сууна. Галт улаан наран тэртээд суухдаа тэнгэр газрыг тэр чигт нь улайруулна. Орчин тойрны юмсыг час улаанаар бүрхэхэд бүрэнхий залгалаа. Намрын адаг сар гарсан тул гадаа сэрүүхэн болж тосгоны гудамж эль хуль оргино”.

    Иймэрхүү л модон орчуулга цааснаа бууж байна. Гэтэл орчуулагч Мө.Батбаяр зохиолын эхлэлийг эх хэлнээс нь ийн хөрвүүлжээ.

    “Оройн намрын нэг өдөр, шаргал бүрий нөмөрчээ. Шар бүрий дундах наран Хэнаний дорно хээрт зэсэрч төгрөглөн шингэхдээ тэнгэр, газрыг нэлд нь улаанд сүлнэ. Улаан өтгөрөх тусам бүрий барай болсоор үдэш ирэв. Намар адагшаад, сэрүү хуржээ. Сэрүү хурсан болохоор тосгоны гудмаар сэлгүүцэх хүмүүсийн хөл татарчээ”.

    Миний орчуулгад тухайн газрын ерөнхийлөн оноосон нэр алга. Шингэж буй нарны туяа хээр талыг зэсэн улаан туяагаар шарсаар улаанд автуулж буй мэдрэмжийг уншигч авч чадсангүй. Тосгонд сэрүү унасан учир хүмүүсийн хөл татарчээ. Гэвч эхний орчуулга гудамж намар болохоор л хүнгүй эль хуль болчихдог мэт ойлгогдоно. Харин орчуулагч Мө.Батбаярын дуун хөрвүүлсэн уг романд яруу сайхан дүрслэл, аливаа юмсыг өөр, өөрөөр оноон нэрлэх ижил утгатай үгс, яруу найрагчийнх нь бяр баймаар уран тансаг найруулал цөм бүрэн билээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.