Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2024 оны 12-р сарын 04-ний өдөр болов.
Хуралдааныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Н.Юрин нар даргалж, холбогдох яамд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Хуралдааны үеэр хоёр улсын уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, металлургийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Хуралдааны үеэр АҮЭБЯ-ны Аж үйлдвэрийн бодлогын газрын Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан мега төслүүдийн талаар товч танилцуулга хийв. Мөн ОХУ-ын УЗТМ Картэкс ХХК, Камаз ХК-ийн төлөөлөгчид болон Бардины нэрэмжит хар металлургийн шинжлэх ухаан, судалгааны төв хүрээлэнгийн Ерөнхий захирлын орлогч Г.Н. Ерёмин нар байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны саналын талаар товч танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд шууд холбоо тогтоож хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд харин төрийн өмчит компаниудын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг болохыг тэмдэглэн хэлэв.
Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан амжилттай өндөрлөж, талууд хуралдаанаас гарсан протоколд гарын үсэг зурав.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
АҮЭБЯ-ны ТНБД С.Жавхланбаатар “China Mining 2024” олон улсын үзэсгэлэнд илтгэл хэлэлцүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Монгол-Польшийн бизнес форумаар 100 сая ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөв