Монгол Ардын Нам (МАН) коммунист маягийн замаар явах гэж байна уу гэдэг асуулт УИХ дахь МАН-ын өчигдрийн хуралдаанаас төрлөө. Учир нь тус намын УИХ дахь бүлэг хаалттай хуралдаж, гишүүддээ оноо тогтоох дотоод журмыг хэлэлцжээ.
Энэ санаачилга 68 гишүүнийг хатуу оноогоор дүгнэж, Засгийн газар болон намын шийдвэр, хуулийн төслийг дэмжихгүй бол 10 оноо хасна гэж заажээ. Оноогоо хамгийн их алдсан гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй гэсэн хатуу шийтгэл оногдохоор байна.
Түүнчлэн хамгийн муу үнэлгээтэй гишүүнийг бүлгийн дарга, дэд дарга нар анхааруулж, энэ анхааруулгыг гурав ба түүнээс дээш удаа зөрчвөл хариуцлага тооцохоор төлөвлөжээ. Энэ журмын төслийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар боловсруулсан бөгөөд хуралдаанд танилцуулжээ. Хуралд намын дарга Л.Оюун-Эрдэнэ хүртэл сууж журмын төслийг сонссон байна. Гэвч гишүүд уг санааг дэмжихээс татгалзаж, хэрүүл дэгдээжээ. Эцэст нь гишүүдийн шүүмжлэл, саналыг харгалзан журмыг дахин боловсруулахаар хойшлуулсан гэнэ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүд уг журмын талаар өөр өөр байр суурь илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц уг журмыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, сайжруулж дараагийн хурлаар хэлэлцэх санал гаргасан байна. Тэрээр хурлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Саналаа өгсөн гишүүдийн саналыг тусгаад дахин хэлэлцэх нь зөв гэдгээ хэлсэн.
Намын бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ард түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Энэ зорилгоор УИХ-ын гишүүн болсон. Анх жагсаалтаас нэр дэвшихэд надад энэ болзлын талаар огт хэлээгүй.
Бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн эрх ашгийг хангаагүй хэмээн оноо хасах юм байна. Энэ нь зарим хүнд давуу байдал үүсгэх, ялгаварлан гадуурхах гэх мэт уршигтай тул ийм зүйл байж болохгүй. Намын, бүлэглэлийн эрх ашиг сүүлд байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Энэ журмыг бүлгийн удирдлагууд боловсруулсан гэж бодож байна. Ирэх долоо хоногт ямар байдлаар шинэчилсэн байхыг харъя.” гэлээ.
Харин МАН-ын зарим гишүүд, тэр дундаа Ц.Сандаг-Очир уг журмыг дэмжих байр суурьтай байв. Тэрээр жагсаалтаар нэр дэвшиж, давуу эрх эдэлсэн гишүүд намын бодлогыг бүрэн дэмжих ёстой гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,
"Жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд манай намын гишүүд ч мэдэхгүй хүмүүс бий. Зүгээр зах дээр явж байсан хүнийг дуудаж ирээд дэвшүүлсэн. Тиймээс давуу эрхтэйгээр нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон бол намын бодлогод нэгдэх ёстой.
Нам мэргэжлийн хүмүүсийг урилгаар нэр дэвшүүлсэн. Тухайн асуудлыг хэлэлцэх үед салбараа илүү сайн төлөөлнө гэж үзэн, мэргэжлийн хүмүүсийг урьсан. Урилгаар гэдгийг та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч төсөв мөнгө гаргаагүй тул тойрогт 3-4 аймагт нэр дэвшин өрсөлдсөн гишүүдээс ялгаатай. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, давуу эрх эдэлсэн тул намын бодлогод бүр илүү нэгдэх ёстой. Гишүүний чуулганы хуралдаанаар хэлсэн үгийг боомилоогүй. Бид энэ журмыг өмнө нь бүх шатанд ярьсан. Гишүүд зөвшөөрсөн, шууд л өчигдөр тулгаагүй. Өнгөрсөн хавар яриад бүгд зөв юм байна гэсэн. Ажлаа хий гээд шахахаар зарим гишүүн жоохон өрвөлзөж байна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүний хэлж ярих эрхэд огт халдаагүй. Мушгивал ингэж ойлгож болно. Энэ журам УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгож, парламентыг бэхжүүлнэ.” хэмээсэн юм.
Хурлын явцад гишүүдийн шүүмжлэл, саналыг харгалзан журмыг дахин боловсруулахаар шийдвэрлэжээ. Энэ нь МАН-ын доторх хатуу сахилга батыг дээшлүүлэхийг дэмжигчид болон гишүүдийн бие даасан байдлыг хамгаалагчдын хоорондох тэмцлийг илтгэж байна. Журмыг дахин хэлэлцэхэд ямар өөрчлөлт оруулж, намын болон улс орны эрх ашгийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг сорилт МАН-ын бүлгийн удирдлагад үлдэж байна.
Энэхүү онооны системийн санаачилга шинэ зүйл огт биш бөгөөд 2024 оны 11-р сараас эхлэн яригдаж эхэлсэн ч гишүүдийн эсэргүүцлийн улмаас хэрэгжихэд хүндрэлтэй байгаа юм. Уг хурлаар тодорхой шийдвэрт хүрээгүй ч гишүүдийн саналыг тусган журмыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулахаар болжээ.
Одоо МАН-ын бүлгийг Л.Мөнхбаатар даргалж, дэд дарга нараар А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нар ажиллаж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг