Нийслэлчүүд автомашины татварыг гурав, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ / дахин хэлэлцэж, хэзээ өөрчлөх бол гэсэн хүлээлттэй байна.
Учир нь Засгийн газар гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа ирэх тавдугаар сард дулааны үнийг 85 хувиар нэмэгдүүлэх байсан шийдвэрийг хойшлуулснаас гадна татвар, хураамжийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад чиглэл болгосон юм.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “НИТХ автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлсэн асуудлыг дахин хэлэлцэх ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн.
НИТХ өнгөрсөн онд нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэх үеэрээ автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг дараах байдлаар нэмэгдүүлсэн юм. Энэхүү шийдвэр нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Автомашины албан татвар:
- “Приус” автомашин 36.000-108.000,
- “Лексус 570” автомашин 188.100-564.300,
- “Портер” автомашин 30.000-75.000,
- “Ланд Круйзер-200” автомашин 151.800-455.400 төгрөг болж татвар нэмэгдсэн.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000- 100.000,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлж байна.
Тодруулбал, өнгөрсөн жил “Приус” машины автомашины татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол энэ жил 108 мянга болж өссөн. Иргэдийн хувьд автомашины татвар огцом нэмэгдсэн нь санхүүд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгох болсон юм.
НИТХ-наас автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлэх болсон үндэслэлээ “14 жилийн туршид энэ төрлийн татварыг хөдөлгөөгүй тогтвортой мөрдөж ирсэн. Хэрвээ хуучин тарифаа үргэлжлүүлэн мөрдөнө гэвэл автозамаа шинэчилж тордох боломжгүйд хүрнэ” гэж мэдэгдэж байв.
Нийслэл ч 2025 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа дээрх хоёр төрлийн татварыг 3-5 дахин нэмснээр замын сангийн орлого 151.5 тэрбум төгрөгөөр өсөх тооцооллыг хийж, батлуулсан. Тиймээс НИТХ энэхүү хоёр төрлийн татвар, хураамжийг бууруулах тохиолдолд замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээ буурч таарна. Гэхдээ өмнөх оны хэмжээнд хүртэл татварын хувь хэмжээг бууруулах нь утгагүй. Ядаж “Приус машинд 72 мянган төгрөгийн татвар ногдуулахаар болгож, өөрчлөх боломжтой” гэдэг саналыг ч дайж буй.
Нөгөө талдаа нийслэл цаг хугацаандаа татвар, торгуулиа төлдөггүй чихгүй жолооч нартай Тээврийн цагдаа нартайгаа хамтраад тууштай ажиллаж чадвал тэрбум, тэрбумаар нь орлогоо нэмэх боломж бийг ч хэлэх хүн олон байгаа юм.
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын дугаартай цаг хугацаандаа татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тодотгосон.
Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл:
- Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 99,229
- Татвар төлөөгүй – 231,397
- Торгууль төлөөгүй – 355,300 тээврийн хэрэгсэл
Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл:
- Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 59,809
- Татвар төлөөгүй – 177,287
- Торгуул төлөөгүй – 96,130 тээврийн хэрэгсэл
Шинэ оны өмнөхөн Тээврийн цагдаагийн албанаас татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарт Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа мэдэгдэж, хэсэг хугацаанд зөрчлийг арилгуулах чиглэлээр идэвхтэй ажилласан ч одоо бол энэ чиглэлийн ажил зогссон.
Гэтэл хэнэггүй зан нь дэндсэн монголчуудын хувьд “чихдүүлэх” шахам байж л татвар хураамжаа төлдөг буруу зуршилтай. Иймээс татвар, хураамж, торгуулиа цаг тухайд нь төлдөг байх зохицуулалтын арга хэмжээг тууштай л хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ төрлийн арга хэмжээгээ идэвхжүүлж, гурав дахин өсгөсөн автомашины татварын хувь хэмжээгээ бууруулах нь илүү амьдралд нийцэх зохицуулалт болж буухыг сануулж байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
Р.Сэддорж: Өмнөговь аймаг төрийн алба хаагчдынхаа цалинг 100 хувиар нэмсэн
Х.Нямбаатарыг Засаг дарга болгохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 78 хувь нь дэмжлээ