Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол-Польшийн бизнес форум өнөөдөр Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын их танхимд болж өндөрлөлөө.
Монгол-Польшийн бизнес форумыг нээж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэллээ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ үеэр хэлсэн үгэндээ парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай хоёр орны эдийн засаг, худалдааны үзүүлэлтийг одоогийн байгаа нөхцөл байдлаас эрс нэмэгдүүлэхэд энэхүү форум болон айлчлал ихээхэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй хэлж байв. Тэрбээр “Энэ удаагийн форумд Польш Улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан, эрчим хүч, барилга, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгчид, ААН-ийн төлөөлөл оролцлоо. Эдгээр оролцогчийн дийлэнх нь хүнс, ХАА-н чиглэлийн бизнес эрхлэгчид юм. Өөрөөр хэлбэл, энэхүү салбар нь хамгийн өргөн хүрээнд хамтарч болох салбарт тооцогдож байна.
Тус улстай хамтарч ажиллах бололцоотой өөр нэг салбар бол уул уурхай. Гурав дахь хамтарч болох салбар нь банк, санхүү юм. Ялангуяа Польшийн банк, санхүүгийн салбар 2000 оноос ихээхэн эрчимжсэн. Дэлхий даяар банк, санхүүгийн салбар цахимжиж байгаа энэ үед Төв болон арилжааны банкуудын хооронд хамтарч ажиллах өргөн боломж бий. Түүнчлэн санхүүгийн эх үүсвэр татах боломж байгааг дурдаж болно. Сүүлийн нэг хамтарч ажиллах салбар бол аялал жуулчлал юм. Энэ удаагийн форумын хүрээнд гурван чиглэлийн санамж бичгийг зурна. Хамгийн онцлох санамж бичиг бол дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх санамж бичиг юм. Манайх шиг далайд гарцгүй орны хувьд Европ руу тээвэрлэлт хийх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхдээ Польш Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь бидэнд ихээхэн давуу талыг үүсгэнэ” хэмээн ярилаа.
Харин “Эфэс интернейшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Дөлгөөний хувьд тээвэртэй холбоотой хамтын ажиллагааны баримт бичгүүд хүчин төгөлдөржиж байгааг онцолж байв. Тус компани 2018 оноос эхлэн Польш Улсаас бараа бүтээгдэхүүн импортолж буй аж. Тухайлан яагаад тус улсыг сонгон, бизнес эрхлэх болсон тухайд О.Дөлгөөн захирал бараа бүтээгдэхүүн нь чанартай, Европын бусад оронтой харьцуулахад тээврийн зардал хямд байдаг гэсэн тайлбарыг хийж байв.
Үүний зэрэгцээ хүнс, тэр дундаа шинээр ургасан болон хагас боловсруулсан жимс, жимсгэнэ зэргийг хилээр оруулж ирэх нь манайх шиг жилийн дөрвөн улиралтай оронд ихээхэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн болж чаддаг аж. Сүүлийн үед импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагийн цаад шалтгаан бол тээврийн зардал гэнэ. Иймд тэрбээр тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүд айлчлалын хүрээнд гарч байгаа нь томоохон дэмжлэг болно хэмээлээ.
Энэ үеэр хоёр талын бусад холбогдох байгууллагын төлөөллүүд Монгол, Польшийн бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарын экспорт импорт, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Польш Улсын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тус бизнес форумд ирсэн Польш, Монголын компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хооронд нүүр тулсан бизнес уулзалтууд болж, цаашдын худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Монгол Улсаас Польш Улс руу өнгөрсөн оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савласан эм, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргасан бол Польш Улсаас 97,7 сая ам.долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, шоколад ба какао агуулсан хүнс, тун хэлбэрт савласан эм, ундаа, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахайн мах, гахай, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүн импортоор авчээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНПУ-ын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал