УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ өдрүүдэд Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж буй. Тус хуулийн төсөлд ЕБС-ийн сурагчдад бага ангиас нь англи хэлний хичээл заахаар тусгажээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам тэргүүтэй нэр бүхий гишүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад англи хэлний боловсрол олгох, чанарыг нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой Лобби бүлэг байгуулаад байгаа юм. ЕБС-ийн бага ангийн сурагчдад англи хэлний хичээлийг шахан заах шаардлагагүй хэмээн нэр бүхий хэлний эрдэмтэд байр сууриа илэрхийлж байна. Бид энэ удаа зохиолч, сэтгүүлч, Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн Б.Наминчимэдийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Өвөр Монголд монгол хэл заахыг таслан зогсоосноос хойш 1 сарын дараа Монгол Улсад ЕБС-д бага ангид Англи хэлийг шахан заах болов. Бид уусаж биш, содон төрхөөрөө ялгарч дэлхийн хөгжилтэй хөл ч, хөг ч нийлмээр байгаа юм.
ЕБС-д 12 жил Монгол хэлээ заалгасан ч монгол хэлний хичээлийн Элсэлтийн шалгалтын оноо хангалтгүй байдаг. Бүр нэг хэсэг босго оноо ч үгүй болгосон. Тэгээд 50 хувилсан.
Төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн монгол хэлний хэрэглээний түвшин доогуур. Хувийн сургуульд багаас нь гадаад хэл үзсэн хүүхдүүдэд олон давуу тал байдаг ч тэд монгол хэлээрээ уншиж ойлгох нь гадаад хэлээр уншиж ойлгохоос илүү хүнд болчихдог нийтлэг бөгөөд гол сул талтай. Монголоороо ярихаас төвөгшөөж, англиар ярьдаг, англиар сэтгэдэг үеийнхний түрүүч эхэлсэн. Учир нь тэдний монгол хэл тийм сайн биш. Бүр англи хэл ямар агуу хэл вэ гэж дуу алддаг ч болсон. Жилээс жилд монгол хэлний хэрэглээ хумигдаж байгаа, баялаг агуулга нь суларч байгаа. Монголоороо сайтар ярьж чаддаггүй хүүхдүүд улам бүр олширч байгаа.
Өнөөдөр манайд ЕБС-ийн бага ангид уран зохиолын хичээл байдаггүй. Уран зохиолыг эх хэлээрээ уншиж ойлгох оюуны чадвартай хүүхдүүд нь ихэнхдээ англи руу орчих магадлалтай. Бага ангид уран зохиолын хичээл, уран зохиолын унших бичиггүйгээс хүүхэд эх хэлээрээ уншиж дадахгүй байгаа. 6-р ангид орж ирсэн хүүхдүүдийн дунд бүтэн ном уншиж үзэх байтугай үлгэр уншиж үзсэн гэсэн хүүхэд бага орж ирдэг.
Өнөөдөр ЕБС-ийн дунд, ахлах ангид ордог УЗ хичээлийн хөтөлбөр сул, сургалт аргазүй сул, сурах бичиг асуудал ихтэй, хүүхдэд сонирхол өгөөж сул, дээр нь Монгол хэл, Уран зохиол, Үндэсний бичиг гэсэн гурван хичээлийг нэг багшаар заалгадаг. Ачаалал нэн их, гэхдээ багш нарыг үнэлэхдээ ихэвчлэн Монгол хэлний хичээлийг нь голлодог. Одоо 2025 оноос хэрэгжих Үндэсний бичгийн хөтөлбөртэй холбогдон Монгол бичгийг шахах болсноос Уран зохиол хаягдаж, хөтөлбөрийн хүрээнд эргэлддэг, эсвэл уран зохиолын цаг нь нөгөө хоёрынхоо нөхвөр цаг болсон гэх мэт сөрөг талуудтай.
Англи хэлийг бага ангиас эхлэн үзэж болох ч түүнээсээ өмнө бидэнд хийх, хэлэлцэх, өөрчлөх ажил их. Ядаж л уран зохиолоо анхаарчихмаар байгаа юм. Яагаад гэвэл Уран зохиол нь тухайн үндэстний хэлний бүхий л чадавхыг дайчилдгаараа дархлааг нь авч үлддэг, баяжуулдаг, хадгалдаг гол салбар нь.
Бид өнөөдрийн ахуйн хэрэглээнд автаж, юугаа алдах, юугаа наймалцах вэ гэдгээ бодохгүй байж боломгүй ээ. Эхлээд бид дархлаагаа бодохгүйгээр сэтгэл хөөрлөөр нийтээр англи хэл гэж ханарах тийм сайн ч юм биш.
Бид гуравхан саяул, дэлхий найман тэрбум!
Атгахан давсыг гадаад их далайд цацах лугаа адил.
Бидний монгол нүүдэл соёл юу билээ? Тэдний суурин соёл юу билээ?
Хүн төрөлхтний нүүдэл соёлын сүүлчийн голомт биднийх.
Тэр голомт өнөө их далайн гүн дэх өнчин ганц жаахаан шүрэн цохио шиг л байгаа.
Бидний сэтгэлгээ, мэдрэмж, хандлага, үнэ цэнийн эрэмбэ юу билээ? Тэднийх юу билээ? Бид эцэг эх, гэр бүл, эх орон, эх дэлхийгээ гэдэг язгууртай соёл. Тэднийх энэ ганц биеэ ертөнцийн төвд тавьдаг язгууртай соёл.
Бидний хэлээр хэдхэн сая хүн, англи хэлээр хэдэн тэрбум.
Хэл сэтгэлгээ нэг үзүүртэй гэдгийг бид ч мэддэг, тэд ч мэддэг. Хэл саармагжвал сэтгэлгээ саармагжина. Сэтгэлгээ саармагжвал аажмаар зүс өөр ч мөн чанар уусна. Мөн чанар уусвал харийн соёлыг өөрийн гэж хардаг болно. Тэгээд нэг л өдөр өөрийн гэх юм аа мэдрэх мэдрэмжгүй, өөрийн гэх үнэ цэнэгүй, ялгаралгүй, байдаг л нэг ази болж хувирна. (монголчуудыг гадна ихэнхдээ хятадтай адилхан гэж хардаг)
Хаана ч очсон үнэ цэнэгүй, өөрийн үндэстний үнэ цэнэгүй. Ялгарал үгүй. Бахархал үгүй. Гал цог үгүй. Яваандаа үгүй болно. Уусан замхарна. Зөөлөн хүчний бодлого энэ даяаршил, мэдээлэл, технологи, урлаг соёлоор дамжин хүчтэй түрж байгаа эрин цаг үе. Гурван сая монгол бүү хэл хэдэн арав, зуун сая хүнтэй хүчирхэг хөгжилтэй үндэстнүүд үндэснийхээ онцлогыг барьж авч, баталгаажуулж, хадгалж үлдэхийг эрмэлзэж байна.
Улаанбаатарын гудамжаар явахад англи, солонгос, хятад, орос, япон гээд есөн шидийн хаяг өлгөөстэй. Нэг бодлын бид дэлхийн нийслэлд яваа мэт. Гэвч агуулга огт өөр. Гэтэл дэлхийн хөгжингүй орнуудад аль болох үндэснийхээ бичиг, үсгээр тэмдэглэхийг эрмэлзэж байна.
Эхлээд өөрийгөө олж мэдрээд дараа нь дэлхийтэй хөл нийлэхгүйгээр зүгээр л шуурчихаж болохгүй л дээ. Дахин хэлье. Бид уусаж биш, содон төрхөөрөө ялгарч дэлхийн хөгжилтэй хөл ч, хөг ч нийлмээр байгаа юм. Англи хэлтэй болчихвол дэлхийтэй хөл нийлчихдэг юм биш. Байдаг л нэг ази төрхтөн. Бид үнэ цэнэгүй уусчихна. Энэ байдал удвал, үргэлжилбэл монгол байхын ч хэрэггүй болно.
Харин үндэснийхээ өвөрмөц чанарыг хадгалсан боловсролтон л дэлхийтэй хөл нийлнэ. Түүний тулд англи хэлнээс өмнө алдагдсаар байгаа монгол хэлнийхээ бодлогыг эргэж харах хэрэгтэй байгаа юм. Одоогоор тоймтой юм байхгүй. Тиймгүйгээр англи хэл, англи хэл гэж шуурвал эсэргүүцэж л таарна. Учир нь энэ үндэстэн орших эсэх тулгуур асуудал учраас...
Нийтлэлч Б.Наминчимэд.
0 сэтгэгдэл