Украины дайнтай холбогдуулан Оросын нефть, байгалийн хийн салбарт хориг арга хэмжээ авахад нэгдэж, хийн төлбөрийг рублиэр хийх шахалтад автахгүй байхыг Польш Европын Холбооны /ЕХ/ түншүүддээ даваа гарагт уриалжээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос Болгар, Польш руу хийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргасны хариуд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЕХ-ны сайд нар Брюссель хотноо хэлэлцэх гэж буй үед дээрх уриалгыг гаргажээ. “Газпром” компанийн зүгээс тус хоёр орон дөрөвдүгээр сард төлбөрөө төлөөгүй гэдгийг мэдэгдсэн байна.
“Бид Оросын нефть, хийд нэн даруй хориг тавихыг уриална. Энэ бол дараагийн, яаралтай, үнэмлэхүй алхам юм. Бид Оросын нүүрстэй холбоотой шийдвэрийг хэдийнээ гаргасан бол одоо нефть, дараа нь хийн талаар авч үзэх хэрэгтэй. Хамгийн зөв сонголт бол бүгдийг нь хамруулах юм” гэж Польшийн Уур амьсгал, байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Анна Москва мэдэгджээ.
Москва хоёрдугаар сард Украин руу довтлох чиглэл өгснөөс хойш ЕХ Оросын эрх баригчид, олигархууд, банк, компаниуд болон бусад байгууллагад хориг арга хэмжээ аваад байгаа юм. Одоогийн байдлаар зургаа дахь багц арга хэмжээг боловсруулах ажил үргэлжилж байгаагийн дунд нефтийн хориг багтаж магадгүй байгаа бөгөөд холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт танилцуулах төлөвтэй байна. Хориг арга хэмжээнүүдийг гишүүн орнууд батлах тул хэдэн өдрийн хугацаа шаардагдаж магадгүй юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо