Европын Холбооны /ЕХ/ 13 улс байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд буй Турк улс руу аврах багаа илгээж байгааг Европын Комисс даваа гарагт мэдээлжээ.
ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель, ЕХ-ны Хямралын менежментийн асуудал хариуцсан дээд комиссар Жанез Ленарчич нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “Болгар, Хорват, Чех, Франц, Грек, Нидерланд, Польш, Румын улсуудаас эрэн хайх, аврах ажиллагааны нийт 10 баг гамшиг болсон газарт ажиллахаар явахад бэлэн болсон байна".
Эдгээр улсаас гадна, Унгар, Итали, Испани, Мальта болон Словакийн эрх баригчид мөн аврах багаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
ЕХ-ны дээд комиссаруудын мэдэгдэлд тус холбооны Онцгой байдлын төв Турк болон бусад улс оронтой тусламжийн үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Онцгой байдлын яамны гурван онгоц /хоёр Ил-76, нэг Ан-148/ Туркийн Адана хотод газардаж, 100 аврагч, эмч нар болон есөн тусгай техник хэрэгслийг хүргэлээ хэмээн “TASS” агентлаг өнөөдөр мэдээллээ.
ОХУ-ын Онцгой байдлын яам эмнэлэг болгон тоноглосон ИЛ-76 онгоцноос гадна, дрон, 4.5 метр хүртэлх гүнд эрэл хайгуул хийх чадалтай акустик төхөөрөмж, гео-радар, эндоскоп, телевизор зэрэг тоног төхөөрөмжийг Турк руу илгээжээ. Түүнчлэн эвдэрч сүйдсэн барилгын нуранги дороос эрэл хайгуул хийх туршлагатай аврагчдаа илгээсэн байна.
Мөн Mалайзын засгийн газар 75 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах ажиллагааны тусгай багаа (“SMART”) даваа гаргийн орой илгээжээ.
Үүнээс гадна, АНУ хоёр аврах багаа Турк руу илгээх гэж байна гэж “CNN” телевизийн суваг мягмар гарагт мэдээллээ.
"АНУ-аас тус бүр 70 орчим хүнтэй хоёр баг илгээх гэж байна. Нэг багийг Фэрфакс тойргоос, нөгөөг нь Лос -Анжелес хотоос илгээнэ. Эдгээр багийн бүрэлдэхүүнд хайгуулч нохойтой ажилтнууд, түргэн тусламжийн эмч нар багтана” хэмээн Турк дэх АНУ-ын Элчин сайд Жефф Флэйк мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярилцахдаа, АНУ-ын зүгээс шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн гэж өмнө нь Цагаан ордон мэдээлжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш