Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжих болно гээд дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцолж, иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.
Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.
Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форум ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
“Twitter”-т дуудлага хийж, мессеж илгээдэг болно