SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ


    С.Мөнхбаатар
     2023-09-02 12:00
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэллээ.

    Энэ үеэр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

    Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, 

    Эрхэм Улсын Их Хурлын дарга,

    Эрхэм Ерөнхий сайд,

    Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид,

    Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд, 

    Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид, 

    Хатагтай, ноёд оо.  

    Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

    Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. 

    Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна. Эрт цагт 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан. 

    Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай. 

    Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас  алсыг ширтэх адил даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай. Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. 

    Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. 

    Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна.

    Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.  Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ. 

    Цаг уурын эрс тэс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг. Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна. Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой. 

    Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.

    Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана  ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай. 

    Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе.

    Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужуу бодлогоор хандана гэсэн үг юм. 

    Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ. 

    Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм. Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна. 

    Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг. 

    Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. 

    Энэ  нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. 

    Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй  гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь Монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. 

    Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм. Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна. 

    Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг. Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.   

    Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм. Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. 

    Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг. 

    Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. 

    Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. 

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    У.Хүрэлсүх: Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй

    2023-09-02 10:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг угтан авлаа

    2023-09-02 09:34

    Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг

    2023-06-09 13:11
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.