УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Байнгын хороонд шилжүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны үеэр тодотгоод, "УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан. Тиймээс хуулийн төслийг 39-өөс дээш хүн дэмжсэнээр батлагдана" хэмээв. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураахад, гишүүдийн олонх буюу 48 гишүүнээс 42 нь дэмжлээ.
Хууль батлагдсанаар,
Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно.
Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна.
Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд хаалттай горимд хэлэлцэхээр тогтлоо.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно
Л.Оюун-Эрдэнэ: Хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар валютын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ