УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой нийцэж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын багт ажилласан байна. Улмаар 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэжээ.
Энэхүү үнэлгээгээр Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамт хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулах боломж бүрдэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Мөн экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.
Уг хэлэлцээр БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Иран зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүд нэгдсэн байна.
Хуулийг батлахыг хуралдаанд оролцсон 60 гишүүний 66.7 хувь дэмжиж баталлаа. Чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдвэл худалдааны зардал 13 хувиар буурна
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв