Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов.
БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг үндсэн чиглэлд авч үзэж, Хөдөө аж ахуй, ойн яам, түүний харьяа Ойн ерөнхий газар болон Ойн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Истанбул хотын Ойн газар нь 1839 онд байгуулагдсан бөгөөд тус хотын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг эзлэх ой бүхий талбайг хариуцдаг юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарыг сэргээн хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, технологийг боловсронгуй болгох, Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байгаагаа онцлов.
Талууд энэ чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал нэгдэж, хоёр талын хооронд харилцан айлчлал, солилцоог хэрэгжүүлэхээр ярилцлаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ