УИХ-ын гишүүн Т.Доржханд тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" жагсаал зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдэв.
Тэрбээр тогтолцооны шинэчлэл хийж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ, сонгуулийн тогтолцоог холимог системд шилжүүлэх, улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор хот болон тулгуур төвүүдийг хөгжүүлэх боломжийг нээх, төрийн бүтцийг цомхон болгож аймаг, сум, дүүргийн тоог цөөлж нэгтгэх, зах зээлийг хөгжүүлэх зэрэг өөрчлөлт оруулахыг шаардаж буйгаа мэдээлэв.
Тэрбээр: "Залуус "өөрсдөө хэмнэ" гээд жагссан. Гэтэл энэ УИХ хэмнэх хууль баталсангүй. Залуусын жагсаал талаар боллоо, бодит байдлыг харсан УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. УИХ өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкны хулгайч, луйварчидтай холбоотой асуудлыг нууцаар хэлэлцлээ.Тэднийг хамгаалж авч үдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагын оруулж ирсэн энэ асуудлыг олонхиороо хамгаалж авч үлдэх нь маш хариуцлагагүй үйлдэл. Миний хувьд цаашид УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноо мэдэгдье. Ганцаараа тэнд суугаад өөрчлөлт гарахгүй юм байна. УИХ-ын танхим дотроос биш, гадаа талбай дээр иргэд, залуустай хамт тэмцье гэж шийдлээ.
Өнөөдөр бид тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хөгжил ярих боломжгүй болсон байна. Улсын төсвөө 21 аймаг 330 сум руу тараагаад хөгжиж байгаа юм алга. Бидний явж байгаа тогтолцоо буруу байна. Тиймээс "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж байгаа юм. УИХ тогтолцоогоо өөрсдөө өөрчилье.
Тавдугаар сарын 5-ны 12.00 цагт цайны цагаараа иргэд, залуус Сүхбаатарын талбай дээр ирж, үзэл бодлоо илэрхийлэн хамтдаа өөрчлөлт хийхийг шаардаач гэж хүсье.
Миний хувьд өөрчлөлт хийх хүртэл нь жагсаал, тэмцлээ үргэлжлүүлнэ. Иргэдээс санал, гарын үсэг, дэмжлэг авна. Би Сүхбаатарын талбайд сандал тавиад цаасаа бариад сууна. Иргэдэд тогтолцооны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. Утсаа бариад лайв хийнэ. Тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол бид хөгжихгүй, өрөндөө баригдсан улс болох гээд байна. Өнөөдөр тэмцэж, өөрчлөхгүй бол хожимдоно" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа танилцуулав
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна