УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд АН-ын хоёр гишүүн хоорондоо маргалдаж, зодолдсон тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд гарсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг үйл явдлыг гэрчилж хэвлэлд мэдээлэл өгсөн.
Тодруулбал, өчигдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөг Төрийн ордны тусгай хамгаалалтын албанаас хамгаалалтад авч, улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус өрөөнөөс гарах үед хэвлэлийнхэн түүнээс гишүүд маргасан эсэх талаар асуухад, "Ямар асуудал болсныг гишүүдээс өөрсдөөс нь тодруул, би гэрч биш. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу шалгалт явагдаж байна. Миний хувьд цагдаа нарт зөвшөөрөл олгож Төрийн ордонд нэвтрүүлсэн. Болсон явдлыг сайн мэдэхгүй" гэсэн юм. Харин сэтгүүлч Ардчилсан намын хоёр гишүүн зодолдсон уу гэж асуухад, "Нэр усыг нь хэлээд яахав, Ардчилсан намын хоёр гишүүн байсан" хэмээн гэрчилсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь О.Цогтгэрлийг "АН-ын хагарлыг зохион байгуулж байгаа гол хүн" хэмээн хэлсэн нь тэдний хооронд маргаан үүсэх шалтгаан болсон байж магадгүй. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хуулийн зөвлөх Д.Батдорж өөрийн хувийн цахим хуудсандаа "О.Цогтгэрэл гишүүн одоо ёс зүйн асуудал гаргасан гээд ухамсраараа огцрох байх эсвэл ширэн нүүрлээд суух уу" хэмээн нийтэлжээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ