Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас онлайн хэлбэрээр өнгөрсөн оны 12 сарын 16-18-нд болж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор Олон улсын Их мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга болов. Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар Олон улсын Их мастер Т.Тэнүүн тодорлоо.
Манай баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “Дэлхийн аварга баг” боллоо.
Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангалаа.
Манай улсын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулсан 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна гэж Монголын Оюун Ухааны Академи мэдээлэв.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв