Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Бүгд найрамдах Турк болон Сири улсад хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны 35 хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн багийг гамшгийн голомтод илгээх шийдвэр гаргасан тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Турк болон Сири улсад даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас олон барилга байгууламж нурж тус хоёр улсад 4000 гаруй хүний амь үрэгдсэн нь тогтоогдоод буй. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд, манай улсын ГХЯ шуурхай хуралдаж дээрх хоёр улсад тусламж үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК, Шадар сайдад танилцуулсан байна. Улмаар манай талаас дэмжлэг болгож эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчийн баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк улсын ЭСЯ-нд хүргүүлээд байсан юм. Тус улсын ЭСЯ-наас уг саналыг хүлээн авсан тул Засгийн газар өнөөдөр хуралдаж дээрх багийг илгээх болон тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн бараа материалын зардлыг баталсан байна.
"Онцгой байдал, зэвсэгт хүчин, эмнэлгийн ажилчдын төлөөлөл багтсан тус 35 хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг өнөөдөртөө багтаж гамшгийн голомт руу ниснэ. Тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл хүлээгдэж байгаа" гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр тэмдэглэв.
Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн төгсгөлд, Сири улсад тусламжийн баг илгээх боломж хомс байгааг учирлаж, бараа, материалын тусламж үзүүлэх асуудлыг ГХЯ-наас судалж төлөвлөнө гэдгийг мэдээлэв. Мөн Турк, Сири улсад дэмжлэг үзүүлэх дотоодын аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулалтад орж хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.
Ташрамд дурдахад, Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн ажиллаж амьдардаг бөгөөд газар хөдөлж гамшиг болсон бүс нутагт Турк улсын иргэнтэй гэр бүл болж амьдардаг манай улсын хоёр иргэн байгаа юм. Тухайн хоёр иргэнтэй ГХЯ-наас холбогдсон бөгөөд хоргодох байранд орсон, аюулгүй байдлаа хангасан байна. Мөн нэг иргэнийг зардлыг нь төлж Истанбул хотод нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөөд байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Засгийн газар Турк улсад тусламж үзүүлэх асуудлаар хуралдаж байна
Монголд зочлох жилийн хүрээнд визийн шаардлагаас иргэдийг нь чөлөөлж буй 34 орон
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо