“Стандарт бол сэтгэл ханамж. Стандартгүйгээр хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэл, эрүүл, эрсдэлгүй, амар тайван амьдрах боломжгүй. Стандарт бол эмх цэгц, эрэмбэ дараалал, бараа, ажил үйлчилгээний үндсэн чанарын шалгуур. Чанарын хүртээмжтэй стандарт тогтоож чадсан цагт хүссэн хөгжилдөө хүрэх боломжтой”-г Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэлээ.
“Өнгөрсөн хугацаанд стандартын байгууллагыг эзэнгүй орхисноор тус салбарын тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавх суларч, ажиллах сонирхолтой хүн үгүй болж. Тодруулбал, манайд химийн, эмнэлгийн, хүнсний, биологийн, цацрагийн гээд олон төрлийн шинжилгээ хийдэг ч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн, эд материалын 80 хувийг нь шинжлэх хүчин чадалтай. Эрүүл мэндийн салбарт гэхэд 700 гаруй стандарт байдаг ч 100 гаруйг нь ашигладаггүй байх жишээтэй. Иймд төрөөс ач холбогдол өгч, бодлогоор дэмжин, тогтолцоогоор нь өөрчлөхийг зорьж байгаа”-г Шадар сайд онцоллоо. Үүний тулд сорилт, туршилт, шинжилгээний үзүүлэлтийг ахиулах, итгэмжлэгдсэн лабораторийн тоог нэмж, үйл ажиллагааны стандартыг сайжруулах шаардлагатай байгаа. Гэхдээ шинжлэх ухаан, инновац технологи, ололт амжилтаа даган стандарт өөрчлөгдөн шинэчлэгдэж, сайжирч байдаг зүйл юм. Харамсалтай нь, манай улсад зарим стандарт хоцрогдсон, хэрэгжилт нь хангалтгүй байдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хүлээн зөвшөөрч байлаа.
Түүнчлэн, манай улсын хувьд хямд үнийн стандарт хэрэгжүүлээд удаж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн үеэр онцлов. Тэрбээр цааш нь тайлбарлахдаа, “Тендер нэрээр хамгийн хямд үнээр шаардлага хангахгүй техникийн зохицуулалт хийж, чанартай үйлчилгээ авах боломжийг хязгаарладаг. Тухайлбал, амоксицилин эмийг импортлохдоо худалдан авах чадварт нь нийцүүлэн хямдруулж, үнэтэй орцыг нь таначихсан байдаг. Түүнчлэн, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэнэ гээд, Эмийн агентлаг байгуулахад эм үйлдвэрлэх, импортлох зөвшөөрөл авах үйл явц илүү хүндрэлтэй болсон байх жишээтэй. Иймд бүс нутаг, олон улсын жишигт нийцүүлэн стандартаа оновчтой тодорхойлж, төрийн зохицуулалтаа хүндрэлгүй болгон, хувийн хэвшилд гарцыг нь нээж өгөх ёстой. Засгийн газраас эхний ээлжинд боловсон хүчнээ чадавхжуулахад анхаарч, цаашид стандартыг хамгийн гол шаардлагаа болгоно. УИХ-аар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнд худалдан авах чадварт нийцүүлж хэт хямд, хэт өндөр үнэтэй бус цаг үетэйгээ нийцүүлж стандарт хэрэгжүүлэх тухай тусгана” гэв.
Хэлэлцүүлгийн дүнд үндэсний хөтөлбөр боловсруулах, үүнд иргэдийн саналыг авч, бодлогын баримт бичиг боловсруулах ажил үргэлжлэхээс гадна үндэсний хэмжээнд болзолт уралдаануудыг зарлахаар төлөвлөжээ.
Олон улсын чанарын дэд бүтцийн индекст манай улс 0.50 оноогоор 180 улсаас 80-д эрэмбэлэгдсэн нь экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд илүү их зүйл хийх шаардлагатайг харуулж байна. Эрэмбээ урагшлуулснаар экспортын бүтээгдэхүүн амжилт олно гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэв.
Монгол Улсад 6515 стандарт байдгаас 50 гаруй хувийг шинэчлэх, сайжруулах шаардлагатай бол 43 нь олон улсын түвшинд хүрчээ. Мөн 1.2 сая хэмжих хэрэгсэл шалгалт, баталгаажуулалт хийдэг бөгөөд 270 орчим байгууллага тохирлын үнэлгээнд хамрагдсан байдаг аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш