Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалыг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал цахим үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал, Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэн 99 орны иргэдэд цахим виз олгохоор болсон, мөн ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр төлөх данс шинэчлэгдсэн зэрэг цаг үеийн шинжтэй чухал мэдээллийг хүргэв.
Мөн сүүлийн гурван жилд нийтлэг илэрсэн зөрчил дутагдлыг авч үзвэл, гадаадын иргэдийн зүгээс виз, оршин суух зөвшөөрлийн хугацаагаа санаатай болон санамсаргүй хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, хууль бусаар хөдөлмөрлөх, шалгалтаар биедээ бичиг баримтгүй, бичиг баримтаа нуух, үрэгдүүлэх зэрэг зөрчлүүд байна. Тиймээс уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс хууль тогтоомжийн талаар зохих мэдээллийг нээлттэй авч, гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр ханган зөрчлөөс сэргийлэх хэрэгтэй талаар санууллаа.
Түүнчлэн уулзалтад зөвлөгөөнд оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултуудад Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын нэгжийн дарга нар дэлгэрэнгүй хариулт өглөө. Мөн тэдний дэвшүүлсэн санал, асуудлыг нэгтгэн, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалт, зөвлөгөөнд Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, уул уурхай, барилга тоног төхөөрөмж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт 90 гаруй төлөөлөгч оролцов.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал