“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 8,228 нь яг одоо боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.
- СӨБ-ын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн 1,930 хүүхэд байгаагаас 1,498 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
- ЕБС-ийн түвшинд 9,500 хүүхдийн бүртгэл байгаагаас 5,653 нь сургуульд сурч байгаа юм.
- Дээд боловсролын үйлчилгээнд 414 хүүхэд хамрагдаж байна.
Эндээс анхаарах зүйл байна. Бид боловсролын насыг 0-2, 2-5, 6-18 нас гэж ангилж үздэг. Гэтэл Үндэсний Статистикийн Хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо бүртгэлийг хийхдээ 0-4, 5-9 гэж авдаг юм байна. Тийм учраас статистикийн бүртгэлийн маягт болон БШУЯ-ны маягт зөрж байна. Тиймээс энэ насыг нэгдсэн нэг маягтаар явах шаардлага үүссэн" гэлээ.
Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3,817 хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. 2-18 насны хүүхдүүдийн 36 хувь нь боловсролын үйлчилгээний гадна үлдээд байгаа юм.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 64 хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа ч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг сэтгэл хангалуун авч чадахгүй байна.
Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтуудаа зөв болгож, сэтгэлгээгээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай" гэсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв