УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж 1.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Саяхан далд уурхай ашиглалтад орлоо. Ингэснээр борлуулалтын хэмжээ 5 дахин нэмэгдэх боломжтой болж байгаа. Оргил ачааллын үеийг 2028-2030 он гэж тооцож байна. Энэ үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, дэлхийн таван том компанийн нэг болохоор байгаа.
Гэвч үр ашгийн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Тэгэхээр Монгол Улс хэдэн оноос эхлэн ногдол ашиг авах вэ гэж асуумаар байна. Хоёрдугаарт, 2041 онд далд уурхайг ашиглаж дуусна. Энэ хүртэл улсын төсөвт хэдий хэмжээний орлого орох вэ. Гуравдугаарт, говь талд гүний ус асар үнэ цэнтэй. Усны хэмжээ ямар байгаа вэ. Дөрөвдүгээрт, нэг тонн зэсэд байгаа алтны хэмжээ. 2021 оны статистикаар 136 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод 300 сая долларын алт ялгаж авсан гэдэг тооцоог мэдээлсэн. Далд уурхайгаас ямар хэмжээний алт авах вэ, бусад дагалдах элементүүдийн тооцоог хийхийг хүсье. Тавдугаарт, Оюутолгойн гаргаж байгаа алтнаас Монголбанк худалдан авах боломж байгаа юу. Энэ талаар ямар ажил хийж байна вэ. Зургадугаарт, Монгол Улсын нийт өр 33.4 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр нь 8 тэрбум ам.доллар. Урьд хийсэн тооцоогоор 2021 оныг хүртэл үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн гэж байгаа. Манай гадаад валют өнөөдрийг хүртэл засагдаагүй байгаа. Долдугаарт, Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөр дэлхийд тэргүүлж байна. Энэ өрд Оюутолгойн өр 12.5 тэрбум ам.доллар орж байгаа. Энэ өрийг багасгах чиглэлээр Засгийн газраас юу хийж байна вэ. Наймдугаарт, Засгийн газрын 2021 оны Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна вэ гэсэн асуултыг Ерөнхий сайдад тавьж байна" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо