"Монголын Органик ногоон хүнсний холбоо" ТББ-аас “Веган фестиваль-2023”-ыг наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ болж буй фестиваль энэ жил дэлхий дахинд 8 дугаар сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй (World Day for the End of Speciesism) хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлог юм.
Веган фестивалийн гол зорилго нь олон нийтэд өнөөдрийн дэлхийн дулаарлын хямрал-уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэлд хариулт өгч, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны судалгаа дээр үндэслэсэн тоо баримттай мэдлэг мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын Хороо (IPCC)-ноос 2019 онд Швейцарын Женев хотноо дэлхийн засгийн газруудаас баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба газар” тайландаа дэлхийн дулаарлын хямралын эсрэг бодлогын үндсэн хэрэгжүүлэх арга хэмжээ нь мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэн даруй бууруулахыг уриалсан байдаг. Энэхүү тайланд дэлхийн 107 тэргүүлэх эрдэмтдийн бүрэлдэхүүн 7000 гаруй судалгааны үр дүнг үндэслэж ВЕГАН хоол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ. Мөн 2021 оны Уур амьсгал&Цэвэр агаар эвсэл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн ялгарлыг бууруулахын тулд мах, сүүний хэрэглээг нэн даруй бууруулах хэрэгтэйг тодорхойлжээ.
“Веган фестиваль-2023”-ыг веган хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй