Америкийн Чикаго хотын оршин суугч, 104 настай Дороти Хоффнер өнгөрсөн ням гарагт 4300 метрийн өндрөөс шүхрээр бууж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй болно хэмээн Chicago Tribune мэдээллээ.
Түүний хувьд анх удаагаа шүхрээр буусан нь энэ биш юм. Тэрбээр 2019 онд буюу 100 насандаа анх удаа шүхрээр буулт хийж байжээ. Харин дараагийн удаад зорилготойгоор буюу дээд амжилтыг эвдэхээр дахин шүхрээр буулт хийнэ хэмээн зорилго тавьснаа ийнхүү дөрвөн жилийн дараа биелүүллээ.
Доротигийн шүхрээр буух агшинг үзэх сонирхохоор нутгийн иргэд болон сэтгүүлчид зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Чикагогийн Skydive компани Дороти Хоффнерын амжилтыг "Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй" хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.
Газардсаныхаа дараа Дороти энэ чухал үйл явдлыг үзэхээр цугларсан үзэгчид рүү гараа даллаж, "Газрыг мэдрэх үнэхээр сайхан байсан. Гэхдээ тэнгэрт байх мөч ч гэсэн гайхалтай байсан. Тэнд авсан мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Нас бол зүгээр л тоо шүү" гэж хэлжээ.
Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй амжилтыг одоогийн байдлаар 103 настай Линниа Ингегард Ларссон зэмшдэг юм. Ларссон 2022 оны тавдугаар сард тус амжилтаа Гиннесийн рекорд хэмээн бүртгүүлж байсан юм.
Эх сурвалж: Chicago Tribune
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай