Монголбанкнаас орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ.
Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болжээ.
Монголбанкны хувьд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх замаар төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох чиглэл барьж байгаа. Тэгвэл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төсөлд орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл багтжээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулж, цалингийн нэмэгдлийг олгоно.
Мөн Орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний 3 жилд төсвөөс санхүүжүүлэх гэнэ. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ. Үүнд зориулж 16 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2024 оноос ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгох аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Монголбанк ипотекийн хөтөлбөрийг энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт шилжүүлнэ
С.Амарсайхан: МИК гэрээ байгуулсныхаа төлөө хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй