Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон Парламентын сонгуульд ялалт байгуулан Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жерар Ларшед баяр хүргэж, амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.
Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүслээ.
Хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
У.Хүрэлсүх: Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ