Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж хилийн боомтуудын бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол хурдасгуур зорилтын нэг бол боомтын сэргэлт болж буйг онцлоод, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж буйг хэллээ.
Энэхүү зорилтыг 2022-2024, 2025-2028, 2029 оноос хойшхи гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр манай улсын экспортыг дээр дурдсан эхний шатанд 70 сая тонн барааны эргэлттэйгээр 14 тэрбум ам.долларт хүргэнэ гэдгийг хэллээ. Боомтын сэргэлтийн хүрээнд түүнчлэн:
- Хилийн боомтыг төмөр болон автозамаар холбож төмөр замын үндэсний сүлжээг 2 дахин,
- Агаарын тээврийн хүчин чадлыг мөн 2 дахин нэмэгдүүлнэ гэдгийг тодотголоо.
Хилийн боомтуудын төмөр замаар холбохоор хэрэгжүүлж төслүүдийн танилцуулгыг хүргэвэл:
- Сайншанд-Баруун-Урт-Хөөтийн чиглэлийн 431 км төмөр замын төслийн санхүүжилтийг хуваарилж хэрэгжүүлнэ,
- Баруун чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулж байна,
- Зүүнбаян-Ханги чиглэлийн 269 км төмөр замын төсөл,
- Хөөт-Чойбалсан чиглэлийн 193 км төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр зам болон
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км болон уг төмөр замыг бусад замтай холбох 21.1 км төмөр замын энэ онд ашиглалтад оруулахаар тус тус ажиллаж байна.
Гашуунсухайт, Бичигт, Шивээхүрэн гэсэн 3 боомтыг БНХАУ-тай төмөр замаар холбох талаар тус улсын талтай тохироод буйг мэдээллээ.
БНХАУ хилийн 317 боомттойгоос манай улстай 17 боомтоор холбогддог байна. Үүний 13 боомтоор ачаа тээвэр тасралтгүй явагдаж байна.
Улс орны эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлэх гол зорилго бүхий хилийн боомтуудын менежментийг цаашид хувийн хэвшлийнхэнд хариуцуулан авч явна. Энэ талын эрх зүйн зохицуулалтыг хангаж өгнө гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
Боомтуудын хөгжлийг зөвхөн хилийн боомт гэдгээр бус, боомт хот, боомт тосгон гэдгээр харж дэмжих нь нийгэм-эдийн засгийн үр өгөөж, ач холбогдолтой юм гэдгийг тодотголоо. Өнөөдөр хилийн боомтын бүс нутагт боомт руу чиглэсэн уул уурхайн технологийн зам, орон нутгийн болон улсын чанартай гэсэн 3-4 зам байгааг хооронд нь холбож өгснөөр эргэлтийн дэд бүтэц бий болгох учиртайг хэлж байна.
Нэмж мэдээлэхэд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын сайд нар, Ерөнхий сайдын болон Шадар сайдын зөвлөх нар, гааль, тагнуул, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг агентлагнуудын дарга нар, МҮХАҮТ болон Монголын Тээвэр зуучлагчдын холбоо, Монголын логистикийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудын тэргүүн нар багтаж ажиллаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн банкны логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 33 байраар урагшилсан
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ