Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зудын хүнд нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах тогтоолын төслийг хэлэлцлээ.
Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө.
Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.
Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулахыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болгосон байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монголын малчдын холбоо: Эрсдэлийн даатгалаар зээлээ төлүүлэх боломжтой
Н.Учрал: Мал аж ахуйг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилалд оруулах шаардлагатай
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал