Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ.
Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн 4 өрөө байр бэлэглэлээ. Парис 2024 олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдлыг минь үнэлэн үргэлж дэмждэгт та хоёртоо маш их баярлаж байна. Монголын анхны эрэгтэй ДАШТ-ны 3 медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэлдээ орж байна. Хоёр ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе”хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн жүдо бөхийн тамирчин ОУХМ Б.Эрдэнэбаярт 2 өрөө байр бэлэглэжээ.
Б.Эрдэнэбаяр “Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ийн жинд хүч үзэж шагналт VII байр эзэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн онд Их Дуулга тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байв.
Б.Эрдэнэбаяр“Хоёр өрөө байраар шагнасан Монгол Улсын тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн, Д.Дагвадорж болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Таван хур ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нартаа маш их баярлалаа. Өдийг хүртэл мэддэг чаддаг бүхнээ зааж зааварлаж тусалж дэмжиж энэ сайхан хүмүүстэй учруулж өгсөн МУГТ Ё. Басхүү ахдаа баярласан талархсанаа илэрхийлье. Цааш цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж дэлхийн тавцанд төрийн далбаагаа олонтоо мандуулна аа”гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Энхрийлэн хос медальтан боллоо
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ
Ё.Басхүү Тбилисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ