БНХАУ-ын юань өнөөдрийн байдлаар 502-505 төгрөгтэй тэнцэж, ханш нь өнгөрсөн 7 хоногоос 7 хувиар өсжээ. Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд юанийг дээрх ханшаар сольж байна.
“Ард” төвийн менежер М.Эрдэнэчимэг "Юанийн ханш өнгөрсөн 7 хоногт 496-497 төгрөгтэй тэнцэж байсан. Оны өмнө энэ ханш 470 төгрөг байгаад нэмэгдсэн. Хүмүүс тухайн үед төдийлөн мэдээгүй байх. Ер нь рублиэс бусад евро, ам.доллар, фунт стерлинг зэрэг валтын ханш өсөж байгаа. Энэ нь ОХУ-Украины хямрал, БНХАУ дахь ковидын хязгаарлалт зэрэг олон улсын нөхцөл байдалтай холбоотой байх. Юанийн ханш өссөн ч эрэлт тийм ч их нэмэгдээгүй, гүйлгээ, солилцоо хэвийн байна. Ам.долларын нийлүүлэлт ч хэвийн байна” гэлээ.
“Хатан сүлд” ББСБ-ын менежер Х.Энхчимэг: "Сүүлийн хоёр өдөр монгол төгрөгтэй харьцах юанийн ханш нэмэгдсэн. Үүнийг хүмүүс Эрээний боомтын үйл ажиллагаа сэргэж буйтай холбож байх шиг байна. Гэхдээ энэ бол нийгмийн сүлжээгээр тархаж буй мэдээлэл. Бид валютын ханшийг олон улсын валютын кросс ханштай харьцуулж хардаг" хэмээн тайлбарлаж байв.
“Голомт” банкнаас юань авч буй иргэн Ц.Наранмандахын хувьд, “Би энд 150 евро солиулж, БНХАУ руу бараа захиалахаар цөөн тооны юань худалдан авч байна. Юанийн эрэлт үүсэж буй гэх байдал төдийлөн ажиглагдсангүй. Солилцоо хэвийн, гадуур шуугиад байгаа шиг юань олдохгүй байна гэсэн юм алга. Олголт, солилцоон дээр ямар нэг хязгаарлалт алга” гэсэн юм.
Арилжааны банкуудын менежер, диллер нар валютын ханшийн талаар мэдээлэл өгөх боломжгүй, бидэнд тийм эрх, үүрэг байхгүй хэмээн мэдэгдэж байна.
Ташрамд дурдахад, гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк өчигдөр цахим талбарт спот арилжаагаар 20 сая ам.доллар нийлүүлсэн бол энэ сарын 3-нд мөн 30 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Своп болон форвард бусад арилжаагаар арилжааны банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах Монголбанкны албан ханш өнөөдөр 3,415.09, төгрөг, юаньтай харьцах ханш 501.94 төгрөг байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв