Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Сонсголыг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдан явуулж буй юм. Өнөөдрийн сонсголд хянан шалгах түр хорооноос томилсон 2 хянан шалгагч, 6 шинжээч, хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна. Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудаас 10 албан тушаалтан сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн аж. Сонсгол даргалагч нийтдээ 121 гэрчид хүргүүлэх мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. Үүнээс 45 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 30 мэдэгдэх хуудсыг хамаарал бүхий этгээдэд нь хүлээлгэн өгчээ. 39 гэрчид утас болон цахим хаягаар мэдэгдсэн бол 6 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Нийт 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгдсэн байна. 7 субьект өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгаа юм. Оролцох эсэхээ 11 гэрч тодорхой илэрхийлээгүй бол оролцох боломжгүй гэдгээ 28 гэрч бичгээр гаргаж, хянан шалгах түр хороонд ирүүлсэн байна.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу хийгдсэн эсэхийг данс хөөх аргаар шалгажээ. Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй ба өчигдрийн байдлаар 3 сая гүйлгээ шалгажээ.
Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээл нэг бүрийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол түр завсарлаад, үдээс хойш үргэлжлэх юм. Гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүнг нэгтгэн, УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганд танилцуулна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Хөгжлийн банкны талаарх нээлттэй сонсголыг МҮОНРТ шууд дамжуулна
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш