Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр найман нас хүрлээ. Тэрээр, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Х.Монголжин охинд төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын III сургуулийн сурагч Х.Монголжин “Би хоёрдугаар ангид сурдаг. Сурагчдын амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье” хэмээн аймгийн телевизэд өгсөн ярилцлага өгчээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж. Харин 3 сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэсэн нэр хайрлаж байсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв