Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захиа, даалгавар гардууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив. Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв.
Энэхүү хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь компьютерын ухаан, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас доошгүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв