Манай улс энэ оноос зөвхөн самнасан ноолуур экспортлох юм. Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулан ХХААХҮЯ-наас ноолуурын хялгас ялгах, самнах үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эд бэлтгэлийн талаар танилцууллаа.
Монголын Ноос, ноолуурын холбооноос мэдээлж буйгаар манай улс жилд 10 гаруй мянган тонн түүхий ноолуур бэлтгэдэг. Энэ хэмжээний ноолуурыг угаахад овор хэмжээгээр 7 мянган тонн болж буурдаг. Харин угаасан ноолуураас хялгасыг ангилахад 5 мянган тонн болдог байна.
Дээрх хэмжээний ноолуурыг манай үйлдвэрлэгч нар самнаад экспортлох бүрэн боломжтой аж. Самнасан ноолуур экспортолсноор ажлын 2200 байраа хадгалахын сацуу шинээр 4000-500 ажлын байр нэмэгдэх тооцоотой байгааг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдэгдэж байна. Тэрбээр, манай улс ноолуураа зөвхөн угаагаад гаргахад 2022 онд 310 сая ам.доллар олж байсан бол одоо самнаад экспортлоход орлого 500 сая ам.долларт хүрнэ гэв.
2021 онд үндэсний 40 үйлдвэр 6 мянган тонн ноолуурыг хялгасаас ангилан ялгаж самнах хүчин чадалтай байсан бол 2022-2023 онд 12 үйлдвэр ноолуурын самнах хүчин чадлаа 4.2 мянган тонноор нэмснийг ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн В.Болормаа мэдээллээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7 үйлдвэр тоног төхөөрөмж шинээр суурилуулан нийт самнах хүчин чадал 13.2 мянган тоннд хүрээд байна.
УИХ: Ноолуур боловсруулах, ангилан ялгах буюу хялгас ялгахаас дээш үатны үйлдвэр явуулж, барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг гаргаад байна.
Үндэсний үйлдвэрүүд ноолуур самнах хүчин чадлаа нэмэгдүүлэхдээ Итали, Франц улсын хөрөнгө оруулагч нартай хамтарч байна. Ингэснээр хялгасыг нь ангилсан буюу самнасан ноолуурыг Италийн компаниуд манай үндэсний үйлдвэрлэгч нартай гэрээ хийн шууд худалдан авч байна. Дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт, хэрэгцээ байгаа учраас ноолуурын үнэ буурахгүй, харин ч малчдын орлого тогтвортой байх боломж бүрдэнэ хэмээн салбарынхан үзэж байна.
Өнөөдөр манай улсад ноолуураас хялгас ялгах “Жин корона”, “Нью спейс”, “Ханбогд кашемир”, “Ноос ирээдүй”, “Сор кашимер”, “Хатант интернэшнл”, “Эм Эм Жи капитал”, “Өгөөж шим” зэрэг компанийн 60-500 тонн хялгас ялгах хүчин чадалтай үйлдвэрүүд ажиллаж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо