Нийслэлд энэ онд 280 мянган ширхэг цэцгийн байгууламж байгуулна. Энэ нь “Монголд зочлох жилүүд”-ийн хүрээнд гадаадын жуулчдыг татах, мөн Улаанбаатарын оршин суугчдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өнөөдөр Нийслэлд энэ онд хийх ногоон байгууламжийн төлөвлөлтийг цэцэрлэгжүүлэлт болон ойжуулалтын мэргэжлийн байгууллага, ААН-үүдэд танилцуулав. Гадаадын улс орнуудын нийслэл, томоохон хотуудад зохион байгуулдаг цэцгийн баяр болон цэцгийн фестивалийг нийслэлд энэ онд хийнэ гэдгийг Нийслэлийн Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат мэдэгдлээ.
Энэ жил манай улс Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй. Тус чуулга уулзалтын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тул тэнд аль болох монгол хэв маяг, үндэсний онцлогоо харуулсан байдлаар чимэглэсэн ногоон байгууламж болон цэцгийн мандлуудыг байгуулахаар бэлдэж байна гэв.
Энэ онд олон наст болон нэг наст мандлын 20 төрлийн 31 зүйлийн 280 мянган ширхэг цэцгийг нийтийн эзэмшлийн талбайн 7 байршилд суулгаж тарина. Ингэхдээ гурван хэмжээст төмөр карказ бүхий полигон материалтай чимэглэлийн байгууламж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг дуулгалаа.
Жил болгон хөрсөнд тарьдаг нэг наст цэцгийн мандлыг халж, орчин үеийн хийц бүхий орон зайн шийдэлтэй цэцгийн мандал болон цэцгийн гудамж байгуулах гэж буй нь энэ жилийн ногоон байгууламжийн онцлог болно гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр, энэ жил нийслэлд аль болох олон наст цэцэг тарихаар төлөвлөж байна гээд, энд 4 төрлийн, нийт 6000 ширхэг гоёлын модны бут, гоёлын цэцгийн булцууг аван бэлдээд байна гэв. Гоёлын цэцгийн булцууг жил бүр аваад тариад байх боломжтой болсон гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна