Норвеги улс эрэг орчмынхоо хийн хоолойнуудын ойролцоо тэнгисийн цэргийн эргүүлийн тоогоо нэмэгдүүлж буйгаа зарлав. Оросын довтолгооны шумбагч онгоцууд болон нисэх онгоцууд хийн хоолойн ойролцоо эргэлдэж, аюул заналхийлэх болсон тул ийм шийдвэр гаргасан байна. ОХУ-ын зүгээс аюул заналхийлж буйг илэрхийлэх олон тооны бичлэгийг Норвегийн Хааны тэнгисийн цэргийн флотоос дэлгэжээ. Норвегийн эргийн хамгаалалтын "KV Sortland" хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш тус бүсэд 25 гишүүнтэй баг эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.
"Бид Хойд Атлантын далай дахь Оросын шумбагч онгоцууд 10 жилийн өмнөхөөсөө өөрөөр ажиллаж байгааг харсан. Эргүүлийн тоо нэмэгдээд зогсохгүй зарим маневр нь илүү түрэмгий байх болсон" гэж армийн захирагч Руне Андерсен мэдэгдлээ.
Оросын шумбагч онгоц, нисэх онгоц, усан онгоцууд дамжуулах хоолойг даган нааш цааш холхилдох болжээ. Сүүлийн саруудад Норвегийн хийн байгууламж, нисэх буудал болон бусад дэд бүтцийн дээгүүр нисгэгчгүй нисэх онгоц нисэлдэх нь ч олширсон байна.
Дайны улмаас НАТО болон ОХУ-ын харилцаа хурцдаж, цэргийн үйл ажиллагааны тоо ч нэмэгдсэн. Оросоос Европ руу нийлүүлэх байгалийн хийн урсгал эрс багассанаар Норвеги улс тивийн хамгийн том нийлүүлэгч болжээ. Орос, Германыг холбосон "Хойд Урсгал" хийн хоолойд өнгөрсөн жил тодорхойгүй шалтгаанаар гэмтэл гарснаас хойш Норвеги улс дамжуулах хоолойнхоо аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн юм. 8000 км гаруй үргэлжилдэг Норвегийн дамжуулах хоолой нь Европын байгалийн хийн хэрэгцээний 30-40 хувийг хангаж байна.
Эх сурвалж: NBC NEWS
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна