(Бэсүд Ч. Эрдэнэ, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Соёлын элч)
1921 оны Ардын хувьсгалын анхны байгууллага нь МОНЦАМЭ. Үндэсний мэдээллийн агентлаг маань тусгаар тогтносон Монгол Улсын нүд чих, дуу хоолой үе үеийн туршид байсан, байсаар байна. Тусгаар тогтнолын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг, бэлгэ тэмдэг нь МОНЦАМЭ. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд ямагт официоз статустай явж ирсэн албан ёсны төв байгууллага. Официоз нь хагас албан ёсны гэсэн үг. Засгийн газрын ч, олон нийтийн ч үйл ажиллагаа эрхэлж, үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн утгатай. МОНЦАМЭ нь аливаа олон улсын асуудлаар бие даан мэдэгдэл гаргах бүрэн эрхтэй байгууллага.
Гэтэл Ардын хувьсгалын анхны байгууллага маань татан буугдсан үе бий. Энэ нь нам, улсын удирдлагын хүрээнд Д. Төмөр-Очир зэрэг Хятадын талыг баримтлагчид нөлөөтэй болсны үр дагавар байв. Гэвч НҮБ-д элсэхийн тулд БНМАУ нь тусгаар тогтносон улсад тавигддаг болзол нөхцлийг ханган биелүүлсэн байх ёстой болно.
Ингээд 1957 онд Монголын үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-г сэргээн байгуулснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон түүхтэй.
Үүний логикийг сайн мэдэх хэрэгтэй. Юув гэвэл, тусгаар тогтносон бүрэн эрхт улс нь дэлхийтэй өдөр дутам харилцдаг, өөрөөр хэлбэл, өөрийн албан ёсны мэдээллээ дэлхий нийтэд цацдаг, олон улсын мэдээллийг ард түмэндээ хүргэдэг тийм чадвар, албан ёсны зохих хэрэгсэлтэй байх ёстой юм. Тэр нь Монголын цахилгаан мэдээний агентлаг юм.
Дэлхий дахин мэдээллийн эрин үед шилжив. Мэдээлийн тэсрэлт явагдаж, мэдээлэл, холбооны технологийн дэвшил соёл иргэншлийн ерөнхий төлвийг тодорхойлох болсон өнөөгийн онцлог нөхцөлд мэдээллийн салбар дахь үндэсний бодлого анхаарлын төвд байхаас аргагүй юм. Энэ нь МОНЦАМЭ агентлагт эн түрүүнд хамаарна. Ийм ч уламжлалтай.
Гэтэл харамсалтай нь, МОНЦАМЭ агентлагийн тухай хууль байхгүй байна. Агентлагийн үе үеийн удирдлага энэ талаар удаа дараа санаачлага гаргаж ирсэн боловч УИХ-ын түвшинд асуудлын мөн чанарыг огт ойлгосонгуй. Мөн чанар нь чухам юу болох тухай дээр дурдлаа. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг татан буугдах юмуу, нэр хаяг, үүрэг зорилго нь эрс өөрчлөгдөх нөхцөлд гадаад ертөнцөд ямар сэтгэгдэл төрж, дүгнэлт хийгдэх вэ гэвэл, өнөөгийн Монгол Улс тусгаар тогтнолоосоо татгалзах том алхам хийлээ гэж үзнэ. Тэр тусмаа геополитикийн логикоор ийм дүгнэлт, сэтгэгдэл гарцаагүй. Улмаар гадаад харилцаанд ихээхэн өөрчлөлт гарна гэх мэт.
Тиймээс МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийг боловсруулж батлах нь тулгамдсан асуудал. Хууль тусгах зарчмууд нь 100 жилд тогтсон уламжлалд түшиглэсэн байх ёстой.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв