Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Нэргүй хэмээх лам Налайх дүүрэгт байрлах “Сайн номуун” хийдийг эзэмшдэг. Уг хийдийн хурлын танхим болон уулзалтын өрөөний сандал, ширээ, хана, тааз нь улсдаа байхгүй алдартай уран гоё сийлбэртэй.
Харин энэ сийлбэрийг хэнээр, хэрхэн хийлгэсэн талаарх маш ноцтой мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд ирүүллээ.
Эх сурвалж захидалдаа “Сайн номуун хийд хамба лам С.Нэргүй, түүний төрсөн ах С.Амарсайхан нар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан Бригадын генерал Д.Дамдинцэрэнтэй ойрын холбоо сүлбээтэй.
Энэхүү холбоо сүлбээгээ ашиглан 2020 оны есдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын хооронд нэр бүхий 14 ялтанг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас хууль бусаар гаргаж, Сайн номуун хийдэд хагас жилийн турш байрлуулан өдөр, шөнөгүйгээр ажиллуулан дээрх сийлбэрүүдийг хийлгэсэн.
Хаалттай хорих ангид ял эдэлж буй хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд зөвхөн хорих ангийнхаа үйлдвэрт, хорих ангийнхаа байршилд тусгай харуул хамгаалалт дор ажил хийдэг хууль журамтай. Гэтэл уг хууль журмыг дээрх албан тушаалтнууд ноцтойгоор зөрчиж Сайн номуун хийдэд байрлуулан ажиллуулсан нь гэмт хэрэг мөн. Шадар сайдын оролцоо нөлөөгүйгээр ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн, 409-р хаалттай хорих ангийн дарга С.Батсайхан нар ийм үйлдлийг зориглон хийж хэзээ ч чадахгүй.
Төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий хүмүүс хувийн ашиг сонирхлоо биелүүлэхийн тулд хүн амь болон онц хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг хаалттай хорих ангиас нууцаар гаргадаг байж хэрхэвч болохгүй.
Энэ ноцтой үйлдлийг тухайн үед 409-р хорих ангийн даргаар ажиллаж байсан хурандаа С.Батсайхан мэдэж байсан хэрнээ зориудаар нуун дарагдуулсан. Нэг үгээр хэлбэл энэ гэмт үйлдлийг хамтарч хийсэн.
Хамгийн ноцтой нь энэхүү хүнд нүсэр ажлыг хийснийх нь төлөө ялтнуудад ямар ч цалин хөлс өгөөгүй. Яагаад гэхээр хууль бус үйлдэл нь илчлэгдэх учраас. Сайн номуун хийдийн хоёр том танхимыг иж бүрэн уран сийлбэрээр тохижуулах ажлын зах зээлийн үнэлгээ нь 1,000,000,000 орчим төгрөг болно. Гэтэл дээрх ялтнуудад цалин хөлс өгөөгүйгээс гадна ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 409 дүгээр ангид ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй.
Энэ ноцтой үйлдлийг олон нийтэд мэдээлж, гэм буруутай этгээдүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулан, хуульд заасан хариуцлагыг тооцуулж өгнө үү” гэсэн байв.
Эх сурвалж: tsahimtv.mn
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо