Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт “Airag Day expo” өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ.
Булганчууд нутгийнхаа брэндийг нийслэлчүүдэд сурталчлах, борлуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг анх 2021 онд Улаанбаатарт зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш гурав дахь жилдээ болж буй экспод Булган аймгийн 16 сумын бүхий л брэнд оролцож буйгаараа онцлогтой. Тухайлбал, Сайхан сумын айраг, Тэшиг сумын цөцгий энэ удаагийн үзэсгэлэнгийн гол чимэг бөгөөд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүн болж байна.
Айргаараа алдартай булганчуудын экспог нээж Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ үг хэлэхдээ “Энэхүү өдөрлөг нь Булган аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих зорилготой. Уламжлал болсон энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлдэг НЗДТГ-ынханд талархал илэрхийлье. Ямар нэгэн хольцгүй, ченжийн гар дамжаагүй оргинал бүтээгдэхүүнээ бид нийслэлчүүддээ дэлгэж байна. Та бүхэн минь хүрэлцэн ирээрэй” гэв.
Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд , AIRAGDAY” намрын үзэсгэлэн худалдаанд тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчид оролцож байгаа бөгөөд нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.
Энэ үеэр МҮХАҮТ-д Булган аймагт бизнес хийх боломж, хөрөнгө оруулалт хийх боломж Улаанбаатар хот болон нутгийн бизнес эрхлэгч нарыг нэгтгэх, санал бодлыг сонсох, Булган аймагт бизнесийн төрөлжилтийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хөдөөгийн сэргэлт - Хөрөнгө оруулагчдын чуулган”-ыг зохион байгуулав.
Үзэсгэлэн худалдааны үеэр Булган нутгийн айраг, цагаан идээ, хурууд, хүнсний органик ногоо, жимс жимсгэнэ, нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдаж байна. Булганы айрагны өдөрлөг маргааш өндөрлөнө.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв