Эрдэмтэд одоогоос 250 сая жилийн өмнө одоогийн Хятадын нутаг дэвсгэрт нутаглаж байсан ихтиозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдлийг илрүүлсэн тухай "Жунго жибао" сонин мэдээлжээ.
Хэсэгчлэн хадгалагдан үлдсэн, далайн хэвлээр явагчийн чулуужсан ясыг Хятадын өмнөд хэсэгт орших Гуанси-Жуаны өөртөө засах орны Байсэ хотоос олжээ. Олдсон газрынх нэрээр уг амьтныг “Baisesaurus robustus” гэж нэрлэсэн байна. Эрдэмтдийн онцолсноор, энэ төрөл зүйл нь Триасын эхэн үеийн ихтиозавруудаас хамгийн том нь байжээ. Олдсон зүйлийн урт нь 3 м-ээс давсан байна. Ясны үлдэгдлээс харахад, уг амьтан урьд нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс олдсон ихтиозавруудын төрлүүдээс илүү сайн сэлж чаддаг байжээ.
“Baisesaurus robustus”-ын ясыг 2017 онд олон улсын эрдэмтдийн баг олсон байна. Дараа нь эрдэмтэд араг яс хэлбэрээр сэргээжээ. Энэ ажил нь “Baisesaurus robustus”-ийн бусад ихтиозавраас ялгагдах онцлог шинжүүдийг илрүүлэх боломжийг олгосон байна.
"Бусад ихтиозаврын эртний төрөл зүйлүүдтэй харьцуулахад “Baisesaurus robustus” нь илүү сайн сэлдэг байсан бөгөөд урд мөчний яс нь илүү урт, хүчирхэг байсан тул хол зайг туулж, эртний Тетисийн далайд илүү хол нүүдэллэж чаддаг байсан" гэж Ухань хотын Дэлхийн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжилтэн Хань Фэнлү ярив.
Триасын эхэн үед дэлхий дээр бий болсон ихтиозаврууд 90 сая жилийн өмнө устаж үгүй болсон гэж үздэг. Япон, Канад, Хойд Европ болон Хятадын Хубэй, Аньхуй мужуудаас өнөөг хүртэл олдоод байгаа Триасын эхэн үеийн ихтиозаврууд нь 1.5 м-ээс хэтрэхгүй хэмжээтэй байжээ.
“Baisesaurus robustus”-ийн талаарх судалгааг олон улсын “PeerJ” сэтгүүлд нийтэлсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо