Нүүрсний хулгайн гэх хэрэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгэмд “гал” авалзуулж Монгол Улсад үлэмж буюу 44 их наяд төгрөгийн хохирол учруулсан хулгайч нарт хариуцлага тооцохыг ард түмэн шаардсан. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-ын Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголоор эл асуудлыг “цурманд оруулж” хав дарав.
Эл сонсголоор яригдсан хамгийн голлох асуудал болох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай нэр холбогдоод буй “Админерал” гэх компанийн асуудлыг Нүүрсний сонсголоор ил болсон баримтуудад үндэслэн эргэн санацгаая.
АДМИНЕРАЛ ХХК 100 ХУВЬ ХЯТАД КОМПАНИ МӨН ҮҮ?
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй сангаас харахад, Админерал компани нь 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр үүсгэн байгуулагджээ. Ингэхдээ, Монгол Улсад бүртгэлтэй ч эцсийн өмчлөгч нь Hasbatar гэх БНХАУ-ын иргэний Моновант ХХК, БНХАУ-д бүртгэлтэй “Quzhou Longyuan Trading” Co Ltd, Хонконгод бүртгэлтэй “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК гэсэн компаниуд хувьцааг нь эзэмшиж байна. Түүнчлэн Админерал компанийн Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэлд байгаа хоёр хүн БНХАУ-ын иргэн Wang болон Hasbatar нар байгаа юм. Эндээс харахад, “Админерал” ХХК нь бүхэлдээ БНХАУ-ын хөрөнгө оруулалт, оролцоотой компани гэдэг нь илт байна.
АДМИНЕРАЛ ХХК ЯМАР БАЯЛАГ ЭЗЭМШДЭГ ВЭ?
Админерал ХХК-д Тавантолгой дахь Бортээгийн ордыг хамарсан 35 га бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын захирамжаар олгосон. Тавантолгойн орд нь 240 сая жилийн настай коксжих чулуун нүүрсний орд бөгөөд 6 том бүлэг ордоос бүрддэг байна. Тодруулбал, баруун, зүүн цанхи, бортолгой, бортээг, оорцог, онч хараат гэсэн бүлэг орд байгаагаас Эрдэнэс тавантолгойн 18 дугаар обьект болох Админерал компанийн баяжуулах үйлдвэрийн Бортээгийн уурхай нь 2023 онд тодорхойлсон үнэлгээгээр 404 их наяд төгрөгийн үнэлгээтэй, 2.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Тавантолгойн хоёр дахь том орд юм. Сүүлийн жилүүдэд жижиг, том Тавантолгойн олборлолтын нөөц дуусах шатандаа орж байгаа талаар зарим судлаачид мэр сэр ярих болсон. Яг энэ үед Монголчууд бидний дараагийн онилох баялаг бол яалт ч үгүй бортээгийн орд болж таараад байгаа юм. Ийм их баялагтай ордоо бид нэг сумын Засаг даргын гарын үсгээр л Хятадын хөрөнгө оруулалттай компанид алдчихаж байна л даа. Нэг үгээр хэлбэл, Монголчуудын хамаг баялгийн зүрхэн тушаа газар нь хятадын компани эзэн суучихаад байна.
НҮҮРС БАЯЖУУЛАХ ЗОРИЛГЫН ЦААНА...
Тус компани түүхий нүүрсийг хуурай аргаар баяжуулах буюу конверийн систем бүхий үйлдвэр барьж байгуулах зорилгоор анх үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс тавантолгой ХХК-ийн олборлосон нүүрсийг ус ашиглахгүйгээр угааж нэмүү өртөг шингээн буцаан өгөх зорилготой. Гэтэл тус компани БНХАУ-ын хөрөнгө оруулагч хоёр компанидаа Эрдэнэс тавантолгой ХХК-иас тус бүр 100 мянган тонн нүүрс худалдан борлуулах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан байна. Ингээд 2021-2023 оны хооронд БНХАУ-ын “Quzhou Longyuan Trading” Co Ltd компанид нийт 173 удаагийн рэйсээр 20.3 мянган тонн, Хонгконгийн “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-д 234 удаагийн рэйсээр 26.4 мянган тонн, нийт 46.7 мянган тонн түүхий нүүрсийг дээрх хоёр хөрөнгө оруулагчиддаа худалджээ. Хамгийн сонирхолтой нь, Админерал компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2022 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч одоог хүртэл ажиллагаанд ороогүй хэвээр байна. Эл компанийн дэд захирал Ц.Лхамжавын нүүрсний сонсголын үеэр мэдээлснээр, үйлдвэр барих ажилд одоогоор 40 гаруй сая ам.доллар оруулсан байна. Гэтэл хэдэн сендвич барьснаас өөр дорвитой бүтээн байгуулалт байхгүй байгаа юм. Эндээс үзвэл, Админерал компани анхнаасаа нүүрс баяжуулах үйлдвэр бус, БНХАУ-д Монголын баялаг нүүрсийг зарах далд зорилготой байсан байж болзошгүй гэж хардахаар байгаа юм.
Нийт 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах энэхүү үйлдвэрийн тендерийг Админерал компани МТАС-ийн түншлэл буюу бусад гурван компанийн хамт хамтран авсан ч зохих шаардлага хангаагүй байсан нь УИХ-ын Нүүрсний асуудлаарх Хянан шалгах түр хорооны шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр, “Өнгөн дээрээ ЭТТ-н 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа боловч халхавч шинжтэй. 2.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 2012 оны байдлаар 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 оны байдлаар 404 их наяд төгрөг буюу 130 тэрбум ам.долларын нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополи эрхийг олгох тендер болж хувирсан” хэмээн мэдэгдсэн. Учир нь, тендерийн холбогдох баримт бичигт, тендерт шалгарсан компани Эрдэнэс тавантолгой компаниас тогтоосон үнийн дагуу олборлосон нүүрсийг худалдан борлуулах байдлаар үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.
Үүнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа тайлбар өгөхдөө, “Төр засгаас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК нь олон төсөл хөтөлбөрийг нуруун дээрээ үүрдэг. Иймээс санхүүгийн асуудалд орж, Бортээгийн ордоос нэмэлт орлого олъё гэж компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ шийдсэн. Энэ нь компанид дарамт учруулахгүйгээр Зүүн, Баруун Цанхиас гадна Бортээгээс нүүрс олборлож, олсон мөнгөөрөө төслүүдээ санхүүжүүлэхээр байсан” хэмээсэн юм.
БЭЛНЭЭР АВСАН 30 САЯ АМ.ДОЛЛАР ХААЧСАН БЭ?
Админерал ХХК-ийн дэд захирал Ц.Лхамжав 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын талын хөрөнгө оруулагч болох “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иас 30 сая ам.долларыг 10 гаруй удаа гарын үсэг зурж бэлнээр авсан баримт нүүрсний сонсголын үеэр гарч ирсэн. Гэтэл Ц.Лхамжав захирал энэ мөнгийг ямар зорилгоор авснаа тайлбарлаж чадаагүй. Энэ мөнгийг банкаар дамжуулж хөрөнгө оруулалт хэлбэрээр авалгүй шууд бэлнээр авсан нь, ийм их хэмжээний валютыг хил гаалиар хэрхэн нэвтрүүлсэн нь сонирхол татах нь гарцаагүй юм. Эрдэс баялгийн зүрхэн дээрээс нь баялгийг ховх сорох гэрээ хийчихээд яагаад Монголын талын захиралдаа ийм их хэмжээний бэлэн мөнгө өгөв. Энэ мөнгө Монголд орж ирээд хаачсан бэ гэдгийг нүүрсний сонсголын үеэр хөндсөн ч газар аваагүй тэгсгээд өнгөрсөн юм.
ХУУЛЬ БУС ТЕНДЕРИЙН ШАЛГАРУУЛАЛТ
Админерал компани МТАС-ийн түншлэл буюу өөр гурван компанийг татан оролцуулж жилд таван сая тонн нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах тендерт шалгарсан. Гэвч тендерийн шаардлага буюу тендерийн төсөвт өртгийн 15 хувийн босгыг даваагүй байгааг нүүрсний сонсголын үеэр шинжээчдийн дүгнэлтэд дурдсан. Тодруулбал, тус тендерийн төсөвт өртгийг 715.9 тэрбум төгрөг байхаар Эрдэнэс тавантолгой ХХК-иас баталсан. Гурван удаагийн цахим нээлтэй тендер сонгон шалгаруулалт явуулсан ч хоёр удаагийн тендерийг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тэгвэл гурав дахь удаагийн тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээхэд цорын ганц оролцогч болох “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Гэтэл эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгийн шаардлагыг хангаагүй. Админерал компани гэхэд л, дөнгөж шинээр үүсгэн байгуулагдсан компани байгаа юм. Гэвч Үнэлгээний хороо тендерийг хянаж үзээд “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан байна. Нүүрсний сонсголын үеэр, шинжээчдийн дүгнэлтээр МТАС түншлэл тендерт шалгарах боломжгүй байсныг нотлох баримтад үндэслэн дүгнэснээ танилцуулсан юм.
Шинжээчдийн дүгнэлтэд, тендерийн үйл ажиллагааг тухайлсан этгээдэд хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суулгаж тендер зохион байгуулсан байж болзошгүй гэж үзсэн. Мөн тендер зохион байгуулахдаа эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалсан. Хоёр дахь тендерийн шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог гурав дахь тендер шалгаруулахаас хоёр өдрийн өмнө өөрчилсөн нь МТАС түншлэлийн гишүүн Админерал ХХК болон Таван хур ХХК-д давуу байдал олгосон нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзжээ. Түүнчлэн гурав дахь тендерийг зохион байгуулсан Үнэлгээний хороо нь Тендерийн баримт бичгийн төлөвлөгөөнд “Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.393.418.915 төгрөгөөс багагүй байна.”/ Түншлэлийн гишүүдийн үзүүлэлтийг 4.5 дахь заалтын дагуу нэмж тооцно/ гэж оруулсан нь “Таван хур” ХХК, “Админерал” ХХК болон “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК-д давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байгааг шинжээчдийн дүгнэлтэд дурджээ.
АДМИНЕРАЛ БА УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ
Монгол Улсын томоохон баялгийн ордыг таван жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон, дээр нь нүүрсийг нь борлуулах давуу эрх олгосон, урьдаас зохион байгуулалттай тендер зохион байгуулж давуу эрх олгосон байж болзошгүй зэрэг нь мэдээж улс төрийн зохион байгуулалттай “хулгай” гэж хардахаар нөхцөлийг дээрх баримтууд үүсгэж байгаа юм.
Тэгэхээр нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн төслийг санаачлагч, гадаадын хөрөнгө оруулалттай Админерал ХХК-ийн нүүрсний сонсголын үеэр нийтэд ил болсон нэгдмэл ашиг сонирхолтой улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэрсийг сийрүүлье.
Админерал ХХК-ийг БНХАУ-ын “Quzhou Longyuan Trading” Co Ltd”, “Хонконг Руйшен Глобал групп” ХХК-аас гадна Монголын “Моноват” ХХК хамтран үүсгэн байгуулсан.
“Моновант” ХХК нь үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Хасбаатар /20 хувь/ болон Монголын иргэн Ц.Лхамжав /80 хувь/.
Ц.Лхамжавын дүү нь Ц.Чулуунзагд. МАН-ын нарийн бичгийн дарга
Ц.Чулуунзагдын хамаарал бүхий хуулийн этгээдээр “МКАСТ” ХХК. Үүсгэн байгуулагч нь Ц.Чулуунзагд, Г.Асралт, Б.Алтангэрэл.
Ц.Чулуунзагд нь “Төрөлх Алтай” НҮТББ, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн НҮТББ зэргээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нартай хамаарал бүхий гэсэн мэдээлэл гарсан байна.
Мөн “Зиндаа медиа” ХХК-ийг Х.Мандахбаяртай хамт эзэмшдэг. Тус компанийн гүйцэтгэх удирдлагаар Э.Амаржаргал ажилладаг. Үүнээс гадна Э.Амаржаргал, Ц.Чулуунзагд нар нь "Бууч" ХХК хамтран үүсгэн байгуулсан бол Э.Амаржаргал нь Н.Өнөрцэцэгтэй хамтран “Нэтикс майнинг про”-ийг байгуулжээ. Н.Өнөрцэцэг нь “Ган үзэгтэн” НҮТББ-ыг О.Шүрэнсувдтай хамт байгуулсан бол О.Шүрэнсувд нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг "Мон мажор транс" ХХК-ийг Д.Баянмөнх, Ц.Нямдулам нартай хамтран үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгч нь Д.Баярмөнхөд 2022 оны 12 дугаар сард хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн.
Сэтгүүлчийн үг...
Монголын байгалийн баялаг дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани ногоон гэрлээр эзэн сууж байхад иргэд 0,07 га газраа ч авсан, аваагүйн хооронд өдөр хоногоо аргацаан, утаан дундаа хүн амынх нь дийлэнх нь амьдран сууж байна. Монголчууд бидний Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаа эзэмшдэг жижиг тавантолгойн ордын нөөц удахгүй дуусах шатандаа орох гэж байгааг зарим судлаачид хэлж байгаа энэ үед Тавантолгойн дараагийн том орд Бортээгийн ордыг ямар эрх, дархтан гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу эрхээр олгосон бэ. Админерал ХХК-тай нэр холбогдоод буй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МТАС түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг Эрдэнэс тавантолгой ХК-д саяхан өгсөн. Ер нь ч тус компанид шууд чиглэл өгөх эрх бүхий этгээд нь Д.Амарбаясгалан. Гэхдээ энэ цуцлах чиглэлийг сонгууль дөхсөн улс төр гэж сэтгүүлчийн хувьд хардаж байна. Цаашдаа бортээгийн ордыг хэрхэх талаар бид анхаарал хандуулах болно.
Бид дараагийн цувралдаа нотлох баримт устсан гэх шалтгаанаар Нүүрсний сонсголоор дурдалгүй өнгөрсөн Үхлийн гэрээ гэгдэх нүүрсний бартерын баримт буюу Эрдэнэс тавантолгой, Hongkong Hengde компанитай хийсэн ETT-2022/518 дугаар гэрээний баримтуудыг дэлгэх болно.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын 300 гаруй хүн нүүрсний сонсголд гэрчээр дуудагджээ
Сонсгол: Гурван сая гүйлгээг данс хөөх замаар шалгасан нь өмнө хийгдээгүй шалгалт болсон
Ардын намын АДМИНЕРАЛ